Дэлхийн цаг уурын өдрийн “Өнөөдрийг ажиглаж, маргаашийг хамгаалъя” уриан дор тэмдэглэж байна.
Энэ өдөрт зориулж, мөн энэ сарын 22-нд болох дэлхийн усны өдрийн “Ус ба жэндер” сэдвийн хүрээнд үндэсний ус, цаг уурын ажиглалт мониторинг, шар шороон шуурганы эх үүсвэр, цаг агаарын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ, усны хүртээмжийн талаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, үндсэн 5 илтгэлийг хэлэлцлээ.
Ус, цаг уурын анхан шатны мэдээ, мэдээлэл нь урьдчилсан мэдээний үндэс болж цасан болон шороон шуурга, үер, ган гачиг, зуд, зэрэг байгалийн гамшигт үзэгдлээс эрт сэрэмжүүлж, гамшиг тохиолдохоос өмнө арга хэмжээ авах, нийгэм-эдийн засаг, ард иргэдэд учрах хохиролыг багасгах боломж олгодгийг ЦУОШГ-аас мэдээлсэн юм.
Өнгөрсөн онд ус цаг уурын салбар ажиглалт, боловсруулалтын системийг шинэчлэхэд анхаарч, радарын тоог нэмэх санхүүжилтыг шийдэж, агаарын бохирдлын автомат багажийг аймгийн төвүүдэд суурилуулжээ. Мөн шинэ үеийн өндөр хурдны HPC тооцоолох машиныг шуурхай ажилдаа нэвтрүүлж, цаг агаарын богино, дунд хугацааны прогнозыг 10 хоногоор гаргадаг болсон байна. Энэ үр дүнд үндэслэсэн цасан болон шороон шуурга, ган, зудын нөлөөллийн төлвийг шинэ технологид суурилан гаргах болсноо эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцуулав.
Түүнчлэн Монгол Улсад зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурал (COP17)-тай холбогдуулан цөлжилтийн атлас, ган болон шороон шуурганы эх үүсвэр, нөлөөллийн бүсийг тогтоосон судалгааг хэлэлцэж байна. Хурлаас гарах үр дүн нь үндэсний ус, цаг уурын салбарын судалгаа, шинжилгээ, технологиор дамжуулан нийгмийн аюулгүй байдал, тогтвортой хөгжил, байгаль орчныг хамгаалахад оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчилах, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргахыг дэмжих чухал ач холбогдолтой юм.