Дохионы хэлийг текст болгодог Google-ийн системийг танилцуулжээ

ВАШИНГТОН, 2026 оны наймдугаар сарын 13 /Kazinform/. Дохионы хэлийг хөрвүүлж, бодит цагийн горимд бичвэр болгон хувиргадаг SL2T (sign-language-to-text) гэдэг загвараа Google DeepMind танилцуулжээ.

Pixel 11 утсан дахь Gboard, Live Transcribe аппуудад уг технологийг суулгасан байна.

Саяхныг хүртэл хиймэл оюун ухааныг ашиглан зөвхөн ярианы хэлийг буулгахад голлон анхаарч байв. Харин дэлхий даяарх 70 сая орчим сонсголын бэрхшээлтэй  хүмүүсийн ашигладаг дохионы 200 гаруй хэлийг хөрвүүлэх технологи үндсэндээ бий болоогүй байсан юм.  

Харин одоо SL2T-ийг ашигласнаар интернэтээс мэдээлэл хайх, мессеж ба баримт бичгүүдийг татаж авах, хиймэл оюуны Gemini туслахад хандах боломжтой боллоо.  Live Transcribe аппыг ашигласнаар ярилцагч хүндээ текстний оронд дохиогоор хариу өгөх боломжтой.  

Гэхдээ одоохондоо зөвхөн Америкийн дохионы ASL хэлийг англи рүү хөрвүүлж байгаа бөгөөд цаашдаа хэлний ба хэрэгслийн тоог олшруулах ажээ.

Дохионы хэл нь өөрийн гэсэн хэлзүйн дүрэмтэй бөгөөд зөвхөн гарын хөдөлгөөн төдийгүй нүүрний хувирал, толгойн ба биеийн байрлалыг ашигладаг. Тэгэхээр уг хэлнээс автоматаар орчуулна гэдэг бол тодорхой дохионуудыг танихаас хэцүү юм.

SL2T-ийг сургахын тулд 50 гаруй дохионы хэлний 100 мянган цагийн дүрс бичлэгийг ашигласан байна. Ингэхдээ систем нь тухайн дүрс бичлэгийг бус харин биеийн гол цэгүүдийн координатуудад дүн шинжилгээ хийсэн бөгөөд хөдөлгөөний талаарх өгөгдлүүдийг серверт дамжуулжээ.Ингэхдээ завсрын дохионы тэмдэглэгээнүүдийг алгасан хөдөлгөөний дарааллыг шууд текст болгон хувиргаж байв. Зохион бүтээгчдийн ярьснаар, уг загвар нь FLEURS-ASL сорилд BLEURT шатлалаар 70 оноо авсан байна.    

Гэхдээ энэ системийн боломж хязгаарлагдмал байна. Тухайлбал, ховор дохионууд, хурууны хурдан хөдөлгөөн болон зарим нарийн ширийн зүйлсийг танихдаа алдаа гаргах магадлалтай.  

Уг системийг бүтээх санааг Google компанийн ажилтан Сэм Сеп анх гаргасан бөгөөд тэрбээр сонсголын бэрхшээлтэй ажээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн