Дархлаажуулалтын хөтөлбөрийн үнэлгээ болон хүний папиллома вирусийн /ХПВ/ эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээний урьдчилсан үр дүнг танилцууллаа.
Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуульд 2023 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, заавал хийх дархлаажуулалтад А вируст гепатит, пневмококк болон хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг хамруулсан. Үүний хүрээнд Засгийн газрын 2023 оны 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, өнөөдрийн байдлаар хүүхдийг төрснөөс эхлэн 15 нас хүртэлх хугацаанд 13 халдвараас сэргийлэх есөн төрлийн вакцинаар дархлаажуулж байна.
Шинэчлэгдсэн товлолын дагуу Монгол Улс ХПВ-ийн эсрэг вакциныг 2024 онд үндэсний хэмжээнд нэвтрүүлж, хүйс үл харгалзан 11 настай хүүхдүүдийг дархлаажуулж эхэлсэн юм. ДЭМБ-аас шинэ вакцин нэвтрүүлсэн улс орнуудад вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээ хийхийг зөвлөдөг. Энэхүү зөвлөмжийн дагуу Монгол Улс ХПВ-ийн эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээг дархлаажуулалтын хөтөлбөрийн үнэлгээтэй нэгтгэн 2026 оны 5 дугаар сард зохион байгуулсан байна.

Үнэлгээний бэлтгэл ажлын хүрээнд 2026 оны 5 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд холбогдох байгууллагуудын мэдээллийг цахимаар танилцуулах уулзалтууд зохион байгуулсан бол 5 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд үндэсний түвшинд болон сонгогдсон дөрвөн аймаг, хоёр дүүрэг, хоёр төрөх эмнэлэгт газар дээрх үнэлгээг хийжээ. Үнэлгээг ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хөндлөнгийн үнэлгээний багтай хамтран хэрэгжүүлсэн байна.
Урьдчилсан үр дүнг танилцуулах хурлын үеэр үнэлгээнээс гарсан гол үр дүн, зөвлөмжүүдийг танилцуулж, холбогдох байгууллагуудын төлөөлөл санал бодлоо солилцон, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн талаар ЭМЯ-наас мэдээлэв.


