Г.Занданшатар: Залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарна

, 2026 оны гуравдугаар сарын 2Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр “Хөдөлмөр эрхлэлтийн шинэ эринд бид бэлэн үү” өдөрлөгт оролцож, үг хэллээ.

Тэрбээр “Технологийн хөгжил, өөрчлөлт, автоматжуулалт нь хөдөлмөр эрхлэлтэд хүчтэй нөлөө үзүүлж байна. Хиймэл оюун, дэвшилтэт технологи нь зарим ажлын байрыг орлохын зэрэгцээ шинэ ур чадварыг шаардаж байгаа нь насан туршийн сургалт, хөгжлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байна.

Улс орнууд зах зээлийн өөрчлөлттэй хөл нийлүүлэх ур чадварын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, бүх насныханд шинэ боловсрол, ур чадвар олгох замаар хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх, шилжихийг дэмжих шаардлагатай байна. Хиймэл оюун ухааны нөлөөгөөр үүсэх боломж, эрсдэлийг удирдах, боловсрол болон хөдөлмөр эрхлэлтийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд анхаарах нь зүйтэй.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд Засгийн газар залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана” хэмээн онцоллоо. Мөн хөдөлмөрийн зах зээлийн хурдацтай өөрчлөлтөд бэлэн байж, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг нотолгоонд суурилан шинэчилж, хамтын ажиллагааг бодит үр дүнд чиглүүлэх нь чухал байгааг тэмдэглэлээ. 

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцсэн хүний нөөцийг бэлтгэх, хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдааг сайжруулах, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дундаж давхаргын эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас “Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталсан. Эдийн засгийн үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй хүргэж, орлого, амьжиргааг хамгаалан, бизнесийн таатай орчныг бүрдүүлж, бүтээмжийн төрөлжилтийг нэмэгдүүлснээр макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоно гэж үзэж буй.

“Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар 2026-2027 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. Энэхүү үйл ажиллагаа, хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, мэргэжлийн сургалт, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, жижиг зээл, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ” гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэллээ.

Тус яам Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж байна. Хуулийн төслийн шинэчлэлийн гол чиглэл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны зорилтот бүлгийг нарийвчлан тодорхойлж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд кейс менежментийн аргачлалыг нэвтрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн тогтолцоог их өгөгдөлд суурилсан хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо болгон зориулалт, хэрэглээг өргөжүүлэхэд анхаарч байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, ажил олгогч, ажил хайгчийн үүрэг, оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх болон хуулийн хэрэгжилтийн хяналт, үнэлгээг бэхжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохыг зорьж буй ажээ.

Г.Занданшатар: Залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарна

Г.Занданшатар: Залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн