БЭЭЖИН, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /NHK/. Тайванийн сөрөг хүчний томоохон намын даргын айлчлалын дараа БНХАУ-ын эрх баригчид эдийн засгийн хөшүүрэг бүхий улс төрийн арга хэмжээнүүдийг танилцуулжээ.
Тодруулбал, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Тайванийн хэрэг эрхлэх газраас Тайваньтай харилцаа, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн 10 багц арга хэмжээг ням гарагт танилцуулсан байна.
Тус газраас мэдэгдсэнээр, Хятад улс Тайваниас импортлох хөдөө аж ахуйн болон загас, далайн гаралтай бүтээгдэхүүний импортыг дэмжихээс гадна Тайванийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд Хятадын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь туслалцаа үзүүлнэ гэжээ.
Түүнчлэн Тайванийн хоолойгоор дамжин өнгөрөх тогтмол, шууд нислэгийг бүрэн сэргээх ажлыг эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Энэхүү шийдвэрийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Гоминдан намын дарга Жэн Ливэньтэй баасан гарагт Бээжин хотноо уулзсаны дараа гаргалаа. Хятадын Коммунист намын дарга болон Гоминьдан намын удирдагч 2016 оны 11 дүгээр сараас хойш анх удаа уулзсан нь энэ юм.
Ши Жиньпин “Тайванийн тусгаар тогтнол”-ыг эрс эсэргүүцэж байгаагаа дахин нотолсны зэрэгцээ Бээжинтэй харьцангуй эвлэрэнгүй байр суурь баримталдаг Гоминдан намтай яриа хэлцээгээ идэвхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Бээжин ийнхүү Гоминдан намтай яриа хэлцээгээ идэвхжүүлэх, эдийн засгийн урамшуулал санал болгох замаар Лай Чиндэ тэргүүтэй Тайванийн одоогийн засаг захиргаанд шахалт үзүүлэхийг оролдож байна гэж ажиглагчид дүгнэж байна. Хятадын тал “Лай Чиндэгийн Ардчилсан дэвшилтэт нам бол Тайванийн тусгаар тогтнолыг дэмждэг улс төрийн хүч” гэж үздэг.