Улаанбаатар //. Олон улсын музейн өдөр, Олон улсын музейн зөвлөлийн 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо өнөөдөр боллоо.
СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор С.Энхнаран, “1921 онд Судар бичгийн хүрээлэнг байгуулсны дараагаар ховор сонин зүйл цуглуулдаг газрыг байгуулах тухай дүрэмд нь тусгаж, улмаар музейн үүд хаалгыг нээсэн түүхтэй. Музей нь социалист нийгмийн үед зөвхөн улсын өмчийн хэлбэртэй, олон нийтийг соён гэгээрүүлэх үүрэгтэй ажиллаж байсан бол 1990-ээд оноос хувийн музей үүсэж хөгжих үндэс суурь тавигдсан. Түүнээс хойш музейн сан хөмрөгт хадгалагдаж буй соёлын өвөөр дамжуулан эх түүхээ таних, өвлөн уламжлуулах, түүнээсээ суралцах чигтэй болж ирсэн. Монголд өнөөдөр 56 музей үйл ажиллагаа явуулж байна. Үүний зэрэгцээ хувийн цуглуулгатай иргэд музей байгуулж, үйл ажиллагаа эрхэлж байна. Монгол Улсын музейн хөгжлийн өнөөгийн чиг хандлагыг харах юм бол, барилгуудыг шинэчлэх ажил голлож байна. Тухайлбал, 2019 онд “Чингис хаан” үндэсний музейг барьсан. Одоо Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейг Богд уулын аманд, Археологи угсаатны үндэсний музейг Төв аймагт тус тус барих гэж байна. Ингэхээр монголчууд орчин цагт тусгаар тогтнолоо музейгээрээ тунхаглаж байна гэсэн үг. Том агуулгаар нь авч үзвэл, олон улсад музейн хөгжил илүү харилцааны болон боловсролын чигтэй болж ирсэн. Тэгэхээр бид энэ хандлагыг улсдаа нутагшуулах шаардлагатай болжээ” гэлээ.
СУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Бат-Эрдэнэ, “Монгол Улсын музейн хөгжилд СУИС онцгой хувь нэмэр оруулж ирсэн. СУИС болон Соёлын коллеж нь 1990-ээд оноос эхлэн музейн мэргэжилтнийг бэлтгэх сургалтыг эхлүүлэн, өнөөдөр бакалавр, магистр, докторын түвшний судалгааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд СУИС-ийг төгссөн олон мэргэжилтэн Монгол Улсын музей, соёлын өвийн байгууллага, төв удирдлага, эрдэм шинжилгээ, сан хөмрөг, боловсрол, олон нийтийн харилцаа, мэдээлэл бүртгэлийн чиглэлээр амжилттай ажиллаж байна. Түүнчлэн орчин цагт музейн салбарт мэдээллийн хэрэгцээ, олон нийтийн харилцаа, боловсрол, маркетинг, тогтвортой хөгжил, хиймэл оюун ухаан, дижитал технологи, мэдээллийн менежмент зэрэг шинэ чадварууд улам бүр чухал болсоор байна” хэмээн онцлов.
Монголын Үндэсний музейн захирал Д.Отгонсүрэн, “Монгол Улсын музейн салбар хөгжлийнхөө шинэ үе шатыг эхлүүлээд байна. 2021 онд Музейн тухай хуультай болж, хууль, эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч дагалдах дүрэм журмууд өнөөдрийг хүртэл батлагдан гараагүй, 2026 оны музейн стандартыг шинэчлэн боловсруулаагүй зэрэг шийдэх асуудал байсаар байна. Энд гурван зүйлийг онцлон хэлмээр байна. Юуны өмнө зориулалтын байр, сан хөмрөгийн хадгалалтын орчин нөхцөл олон улсын стандартын шаардлагад бүрэн нийцэхгүй байна. Энэ нь зөвхөн салбарын асуудал биш үндэсний өв соёлоо хадгалах хамгаалах төрийн бодлогын цөм асуудлын нэг гэдгийг мартаж боломгүй. Хоёрдугаарт, музейн хүний нөөцийн тогтвортой байдал хангалттай биш байна. Тиймд цалин, урамшуулал, нийгмийн баталгааны асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай. Тоног төхөөрөмж, судалгааны нөхцөл ч орчин үеийн шаардлагаас хоцорч байгаа нь үйлчилгээний чанар хүртээмжид шууд нөлөөлж байна. Музейн салбарыг хөгжүүлэх тухай асуудлыг зөвхөн соёл боловсрол, аялал жуулчлалын салбарын бодлоготой уялдуулах бус үндэсний аюулгүй байдал, соёлын дархлаа зэрэг цогц бодлогоор авч үзэх хэрэгтэй” гэв.
ССАЖЗЯ, СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэн, Монголын Үндэсний музей, Олон Улсын музейн зөвлөлийн Монголын үндэсний хороо, “Чингис хаан” үндэсний музей, Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран зохион байгуулсан уг хурлаар Монгол Улсын музейн үзэл баримтлал, нийгмийн хариуцлага, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, улсын тооллого, тогтвортой хөгжил, боловсрол, олон нийтийн оролцоо, дижиталчлал, инновац, шинэ технологи зэрэг сэдвийг хөндөв. Ингэхдээ үндэсний, улсын болон бүс нутгийн зэрэглэлтэй 44 музейн 250 гаруй мэргэжилтэн судлаач оролцож, 24 илтгэл хэлэлцүүлэв. Үүний зэрэгцээ уг хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зургаадугаар сард болох “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын музейн захирлуудын нэгдсэн чуулганы өмнө зохион байгуулж байгаагаараа онцлог гэж зохион байгуулагчид хэллээ.
Олон улсын музейн зөвлөл нь 1946 онд байгуулагдсан, дэлхийн 139 орны 60 мянга гаруй мэргэжилтэн нэгдсэн НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл, UNESCO-гийн дэргэдэх “А” ангиллын зөвлөлдөх статус бүхий олон улсын байгууллага юм. Тус зөвлөлийн гишүүн музейнүүд 1977 оноос жил бүрийн тавдугаар сарын 18-ныг “Олон улсын музейн өдөр” болгон тодорхой сэдвийн дор дэлхий даяар тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдвийн сонгосон нь соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг багасгах, харилцан ойлголцол, тэгш хүртээмж, энх тайвныг бэхжүүлэхэд музейн гүйцэтгэх үүрэг их болохыг онцолж, ялгаатай байдлыг хүндэтгэн хүлээн зөвшөөрөх, итгэлцлийг сэргээх, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэх, соёлын гүүр болох ач холбогдолтойг илэрхийлж буй хэрэг аж.


