Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй яваа Э.Цэндбаатарын WBC холбооны аваргын бүсний төлөөх тулааны тов гарч, өрсөлдөгч нь тодорчээ.
Уг тулаан ирэх сарын 1-нд болох бөгөөд түүний өрсөлдөгчөөр Барбадосын Кобия Бридиг сонгосон байна. Хоёр тулаанч тулааны гэрээнд албан ёсоор гарын үсэг зурснаар баталгаажсан юм. Ялсан боксчин нь аваргын бүс зүүнэ. Э.Цэндбаатарын хувьд WBC-д тулалдах гурав дахь монгол тулаанч болж байгаа юм. Ялж чадвал энэхүү холбооны аваргын бүсийг эзэмшсэн анхны монгол тулаанч болно.
Барбадосын тулаанч Кобия Бриди мэргэжлийн боксын замналынхаа анхны бөгөөд цор ганц ялагдлыг 2020 оны есдүгээр сарын 19-нд амссан байдаг. Тэрхүү ялагдлыг нь Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өгсөн түүхтэй. Түүнд ялагдсанаасаа хойш таван тулаан хийхдээ Бриди бүгдэд нь ялсан үзүүлэлттэй байгаа юм.
Тэгвэл гавьяат тамирчин Э.Цэндбаатарын хувьд мөнгөн бүсний төлөөх тулаанаа энэ сарын 10-нд хийх байсан ч түүний өрсөлдөгч дэлхийн боксын чансаагаар наймдугаарт эрэмбэтэй Тажикстаны Мухаммед Якубов тулаанаас татгалзсанаар цуцалсан билээ.