В.Путин: Энхийн хэлэлцээр байгуулах боломж бий

ВЛАДИВОСТОК, 2026 оны есдүгээр сарын 4 /Reuters/. Украин дахь дайныг зогсоох хэлэлцээрт хүрэх боломж бий гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт мэдэгдсэн бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэлцээнд зуучлахаар ажиллаж буй АНУ-ын төлөөлөгчид тун удахгүй Москва, Киевт айлчилна гэдгийг мэдээлжээ.

Оросын Алс Дорнодод болж буй эдийн засгийн чуулга уулзалтын үеэр В.Путин хэлэхдээ, АНУ, Хятад зэрэг хэд хэдэн улс мөргөлдөөнийг тайван замаар зохицуулахыг дэмжихэд бэлэн байгааг мэдэгдсэн байна. “Гэсэн хэдий ч эцсийн дүндээ асуудлыг мөргөлдөөнд оролцогч талууд болох Орос, Украин өөрсдөө шийдэх ёстой” гэж тэрбээр хэлээд “мөргөлдөөнийг зогсооход хувь нэмрээ оруулахыг хичээж буй бүх хүнд бид талархаж байна. Мөргөлдөөнийг зогсоох боломж бий гэж бодож байна” гэжээ. 

Харин В.Зеленский дүрс бичлэгээр ээлжит мэдэгдэл хийх үеэрээ АНУ-ын төлөөлөгчдийн айлчлалын урьдчилсан тов гарсан талаар мэдээлсэн байна. 

“АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгчдийг Киевт хүлээн авахаар хүлээж байна” гэж Зеленский мэдэгджээ. Түүний хэлснээр, АНУ-ын төлөөлөгчид Москва, Киевт уулзалт хийх ажээ. “Энэ бол маш чухал. АНУ энэ үйл явцад идэвхтэй оролцсоор байх нь чухал” гэж В.Зеленский онцолсон байна.

Үүний сацуу АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтонд мэдэгдэхдээ, дайныг, түүнчлэн хоёр талын амсаж буй хохирлыг эцэслэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийлжээ. “Би зүгээр л энэ бүхэн дуусаасай гэж хүсэж байна. Бид үүнд хүрнэ гэж бодож байна” гэж Д.Трамп пүрэв гарагт “GB News” сувагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр үүнээс нэг өдрийн өмнө сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, Кремлийн удирдагч энхийн хэлэлцээрт бэлэн болсон үед түүнтэй дээд хэмжээний уулзалт хийх хүсэлтэй байгаагаа мэдэгдээд байсан юм.

Дэлхийн II дайнаас хойш Европт болж буй хамгийн цус асгаруулсан энэхүү мөргөлдөөн 4 жил хагасын турш үргэлжилж байгаа бөгөөд талууд энх тайвныг ингэж өөрийнхөөрөө өөдрөгөөр үнэлэх нь ховор тохиолдол юм. Талууд хамгийн сүүлд хоёрдугаар сард АНУ-ын зуучилснаар хэлэлцээний ширээний ард суусан юм.

Үүнээс хойш АНУ-ын тал Ираны дайнд анхаарлаа хандуулах хооронд Орос, Украин хоёр бие биенийхээ нутгийн гүн рүү хийх агаарын цохилтоо эрчимжүүлжээ. Улмаар тэнгис дэх мөргөлдөөн эрс ширүүсэж, хоёр тал боомтууд болон арилжааны тээврийн хөлөг онгоцууд руу халдаж эхэлсэн нь үр тарианы дэлхийн зах зээлийн үнэ өсөхөд хүргэсэн юм.

Мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах хүчин чармайлтыг тэргүүлж буй АНУ-ын төлөөлөгчид болох Стив Уиткофф, Жаред Кушнер нар хамгийн сүүлд нэгдүгээр сард Москвад айлчилсан бөгөөд одоогоор Киевт очоогүй байна.

В.Путиний хийсэн мэдэгдлийн дараа Чикагогийн бирж дээр үр тарианы фьючерс үнэ 2 гаруй хувиар буурчээ.

Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига өмнө нь Киевт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, улс төр, дипломат ажиллагаа илүү идэвхжиж, энхийн хүчин чармайлтад “шинэ эрч хүч” нэмэгдэж буйг харж байна гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн