Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблейн гишүүд ЭСЯ-нд зочлов

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүүгийн арилгаар Францын парламентын доод танхим-Үндэсний Ассамблей дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Антони Булонь тэргүүтэй гишүүд Элчин сайдын яамнаа зочлов.

Уулзалтад Үндэсний Ассамблей дахь Франw-Монголын найрамдлын бүлгийн гишүүд, парламентын төлөөлөгчид болон Элчин сайдын яамны ажилтнууд оролцож, Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй санал солилцсоныг Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ мэдээлэв.

Талууд хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, боловсролын тогтолцоо, орон нутгийн хөгжил, хот төлөвлөлт, тогтвортой хөгжлийн бодлого зэрэг өргөн хүрээний асуудлаар харилцан мэдээлэл солилцож, Монгол, Францын хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар ярилцав. Түүнчлэн боловсрол, соёл, залуучуудын солилцоо, орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ.

Элчин сайд У.Нямхүү Монгол, Францын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж, дээд, өндөр түвшний айлчлал, хамтын ажиллагааны томоохон төсөл, иргэд хоорондын харилцаа улам өргөжин бэхжиж буйг тэмдэглэв. Мөн Францын парламент дахь Франц-Монголын найрамдлын бүлэг хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлон талархал илэрхийлэв.

Ноён Антони Булонь болон найрамдлын бүлгийн гишүүд Монгол Улстай харилцах харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, хоёр улсын хөгжил, дэвшлийн төлөө парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжин ажиллахаа нотложээ.

Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблейн гишүүд ЭСЯ-нд зочлов

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн