Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Япон Улсын Чиба технологийн их сургуулийн зөвлөх Шимизү Такенориг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд асан Шимизү Такенори Чиба технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Осамү Сэтокүматай хамтран “iPad хандивын төсөл”-ийг санаачлан, Монгол Улсын боловсролын тэгш бус байдлыг бууруулахад анхаарч, өөрийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Япон Улсын Чиба технологийн их сургуулиас хэрэгжүүлж буй төсөл нь Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт баримталж буй бодлого, үйл ажиллагаатай уялдаж, цахим шилжилтийн бодлогыг анхан шатнаас нь дэмжиж байгаад талархал илэрхийллээ.
Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын алсалсан ерөнхий боловсролын сургуулиуд болон Архангай, Увс, Төв зэрэг аймагт дээрх төслийг хэрэгжүүлж, нийт 1,350 гаруй iPad-ийг хэрэгцээтэй сургууль, багш, суралцагчдад хүлээлгэн өгч байсан юм.
Элчин сайд асан Шимизү Такенори болон Чиба технологийн их сургуулийн Захиргааны газрын захирал Фүкүэ Сатоши нар 2026-2027 оны хичээлийн жилд дахин 1,000 iPad-ийг ойрын хугацаанд нийлүүлнэ гэдгээ илэрхийлэв.