Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой сайжирч, нийт актив өнгөрсөн оны мөн үеийнхээс 26 хувиар нэмэгджээ.
Монголын банкны холбооны мэдээлснээр, эдийн засгийн салбаруудын сэргэлтийг дэмжихэд банкнаас олгож буй зээл чухал нөлөөтэй байна. Тухайлбал, бизнесийн зээл тэр дундаа уул уурхай, боловсруулах, барилга, худалдаа, үйлчилгээний салбарт олгосон зээлийн хэмжээ тасралтгүй нэмэгдсэн байна.
Эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд 7.7 хувь гарахад уул уурхай, түүнийг дагасан тээвэр, агуулахын салбар тогтвортой өссөн нь чухал нөлөө үзүүллээ. Удаан хугацааны дараа хөдөө аж ахуйн салбар сэргэж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтийг дэмжив. Барилга, боловсруулах салбар аажмаар сэргэж байгаа нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн бол худалдааны салбарын өсөлт саарч байна.
“Төсвийн урсгал, хөрөнгийн зардлыг нэмсэн нь инфляцыг өдөөж, эдийн засгийн өсөлтийг хязгаарлах нөхцөл бүрдүүлж байна. Нийлүүлэлтийн гаралтай инфляц нэмэгдэж буй энэ үед төсвийн зарлагыг цар тахлын үеийнхээс 3 дахин их төсөвлөсөн нь эрэлтээс үүдэлтэй инфляцыг нэмж эрсдэл дагуулж байна” гэж Банк санхүүгийн академийн Ахлах эдийн засагч Ч.Сосорбарам анхаарууллаа.
Мах, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан инфляцын түвшин сүүлийн 3 сард тасралтгүй нэмэгдэж гурван сарын өмнөхөөс 2 дахин өсжээ. Төсвийн зардлыг огцом тэлэхийг тооцохгүйгээр инфляц оны эцэст 18 хувь хүрэх төсөөлөлтэй байгаа юм.
“Иран, Украины дайны нөхцөл байдлаас шалтгаалж манай улсын эдийн засаг шатахууны нийлүүлэлтийн томоохон шоконд өртөх эрсдэлтэй байхад төсвийн зарлагыг огцом нэмэх үр нөлөөг инфляцаар дамжин иргэд нуруун дээрээ үүрэх дүр зураг харагдаж байгаа”-г Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх Захирал Л.Амар онцолжээ.
