Балбад пүрэв гарагт бүх нийтийн сонгууль болно. Энэ нь өнгөрсөн оны есдүгээр сард өрнөсөн залуучуудын эсэргүүцлийн хөдөлгөөнөөс хойших анхны сонгууль бөгөөд жагсагчид авлигатай тэмцэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, улс төрийг илүү ил тод, шударга болгохыг шаардсан билээ. Эсэргүүцлийн жагсаалын үеэр 77 хүн амиа алдаж, Засгийн газар огцроход хүрсэн юм.
Энэтхэг, Хятадын хооронд орших Хималайн нурууны энэхүү жижиг улсад 1990 оноос хойш Засгийн газар нь 32 удаа солигджээ. Үүний улмаас хөдөө аж ахуйд суурилсан эдийн засаг нь суларч, олон сая иргэн ажил хайн хилийн чанад руу гарчээ.
Балба нь 30 сая хүн амтайгаас 19 сая орчим нь санал өгөх эрхтэй. Энэ удаагийн сонгуулиар хууль тогтоох дээд байгууллагын 275 гишүүнийг сонгох бөгөөд тэдний 165-ыг нь шууд санал хураалтаар, 110 нь пропорционал тогтолцоогоор сонгоно.
Өнгөрсөн онд болсон эсэргүүцлийн хөдөлгөөний дараа сонгогчдын нэрсийн жагсаалтад нэг сая орчим хүн шинээр нэмэгдсэний дийлэнх нь залуучууд байгаа нь тэд улс төрийн тогтолцоог бүхэлд нь өөрчилж, эдийн засагтаа шинэчлэл хийн, цалин хөлс сайтай ажлын байр бий болгохыг эрмэлзэж буйг илтгэж байна.