, 2026 оны наймдугаар сарын 28Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож буй Европын Холбооны Төлөөлөгчдийн тэргүүн, Европын Комиссын Байгаль орчны ерөнхий газрын дэд захирал Патрик Чайлдыг энэ сарын 27-нд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон чухал салбарт идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр өрнөж буй зарим сэдвийн хүрээнд болон байгаль орчин, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Европын хөрөнгө оруулалтын банкны хооронд тогтвортой ойн аж ахуйг дэмжих зорилгоор Эрмэлзлийн захидалд гарын үсэг зурсанд баяртай байгаагаа талууд онцолж, энэ хүрээнд бодит үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэв.