Нийслэлд ойр байх тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн, холбоос нутгийг тодорхойлох, хамгаалах, төмөр болон авто замын гарц гаргах, тэдэнд ээлтэй байхаар шийдэхэд БОУАӨЯ, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг хамтран ажиллана.
Ингэхдээ нэгэнт барьсан авто, төмөр замын байгууламжаар зэрлэг амьтад чөлөөтэй шилжилт хөдөлгөөн хийх боломж бүрдүүлэх, энэ дагуу холбоос нутгийг бий болгох, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллыг эрчимжүүлэх, холбогдох хууль, тогтоомжид тусгахад хамтран ажиллахаар талууд байр сууриа нэгтгэснийг БОУАӨЯ мэдээлэв.
Энэ талаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир АНУ-ын “Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг” (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн захирал Жастин Шанти Александр тэргүүтэй эрдэмтэн, судлаачдыг хүлээн авч уулзах үеэрээ ярилцаж, зэрлэг ан амьтдыг хамгаалах, холбоос нутгийг тодорхойлж, судлах, хамгаалах, энэ чиглэлийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах эсэх болон СОР17 бага хурлын талаар санал солилцсон байна.
Хатагтай Жастин Шанти Александр говь, хээр, хангайн бүс, баруун чиглэлд тархан нутагшсан бүх л төрлийн зэрлэг амьтны тархалт, шилжилт хөдөлгөөн, байгаль орчны судалгаа, шинжилгээ хийдэг. Тусгай хамгаалалттай газар нутаг, малчдын нөхөрлөлд түшиглэсэн байгаль хамгааллыг орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагатай хамтран дэмжиж байгааг танилцууллаа.
Сайд Ц.Сандаг-Очир зэрлэг амьтан хамгааллыг олон улсын хамгаалалтын зэрэглэлд хүргэхэд “Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг”-ийн оруулсан үнэтэй хувь нэмэрт талархал илэрхийлээд, энэ үйлс нь зөвхөн биологийн олон янз байдлыг хадгалах бус, хойч үедээ өвлүүлэн үлдээх үнэт баялаг гэдгийг тодотгов.
БОУАӨЯ нь “Даян Дэлхийн Байгаль Орчны Сан” (GEF)-гийн санхүүжилттэй НҮБ-ын ХХААБ (FAO), “Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг” (WCS)-тэй хамтран “Хангайн бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ, орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах” төсөл хэрэгжүүлэхийг зорьж байна. Төслийг энэ оны 8 дугаар сарын 17-28-нд болох СОР17 хурлын үеэр экосистемийн нөхөн сэргээлтийн хамгийн шинэлэг, “жишиг төсөл” болгон дэлхий нийтэд танилцуулахыг Ц.Сандаг-Очир онцолж, тус хуралд “Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг” нь туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.