Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 3 //. “Сургалтын хөтөлбөр болон сургалт, суралцахуйн шинэлэг арга зүйн чадавхыг бэхжүүлэх” сургалт энэ сарын 2-6-нд болж байна.
Энэхүү сургалтыг “Монгол Улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх” төслийн хүрээнд зохион байгуулж буй юм. Төслийн ерөнхий зохицуулагчаар Отгонтэнгэр их сургууль ажиллаж байгаа ба Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Румын улсын Брасов дахь Трансилваний их сургууль, Италийн Палермогийн их сургууль, Итали улсын Боловсролын хамтын ажиллагааны байгууллага CESIE, МУБИС, МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, Хангай дээд сургууль, Дархан дээд сургууль хамтран хэрэгжүүлж байна.
Энэ удаагийн сургалтын үндсэн зохион байгуулагч, хүлээн авагч байгууллагаар МУБИС ажиллаж байгаа бөгөөд сургалтад танхим болон цахим хэлбэрээр шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нар болон төслийн хамтрагч байгууллагуудын 80 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.
Боловсролын ерөнхий газар төслийн түншлэгч байгууллагаар хамтран ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газрын дарга Б.Лхагвабаяр, ахлах мэргэжилтэн А.Цэнгүүнжаргал, мэргэжилтэн Н.Болорцэцэг нар төлөөлөн оролцож, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын агуулга, арга зүйг ногоон болон дижитал хэлбэрт шилжүүлэх, турших үйл ажиллагааны талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Төслийн үр дүнд Европын багшийн боловсролын бодлого, сургалтын шинэ аргачлалаас суралцаж, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулах аж.
Мөн төслийн хүрээнд чадавх бэхжүүлэх сургалт цувралаар зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь Итали улсын Палермо хотод хоёр удаа зохион байгуулсан сургалт болон ногоон болон дижитал шилжилтэд чиглэсэн багш боловсролын бодлого, Европын холбооны сайн туршлагыг судлах, бодит практикт хэрхэн нэвтрүүлэхэд чиглэсэн кейс практикт чиглэсэн байна.
Энэ удаагийн сургалт МУБИС-д зохион байгуулж байгаа ба төслийн хүрээнд сайжруулан шинэчилж байгаа багш бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, туршихад бэлтгэх сургалтын арга зүйд чиглэж байгаагаараа онцлогтой талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлэв.
