Монголын аялал жуулчлалын салбарын байгууллага, тур оператор, зочид буудал, жуулчны бааз, үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг нэг дор цуглуулсан хамтын ажиллагаа, шинэ боломжийг олгох “FEEL MONGOLIA 2026” үзэсгэлэнг нээлээ.
ЖДҮГ, Монголын Аялал Жуулчлалын Холбоо хамтран хоёр өдрийн турш зохион байгуулж буй үзэсгэлэнд 150 гаруй аж ахуйн нэгж байгууллага, үндэсний үйлдвэрлэгч, жуулчны бааз, ресортууд технологийн шинэ шийдэл, аяллын сонирхолтой бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дор танилцуулж байна.
Монгол Улсад жилд дотооддоо аялж буй жуулчин давтагдсан тоогоор 1,5 сая, гадагш аялж буй жуулчдын тоо 3,5 сая, гадаадаас ирж буй жуулчдын тоо 850 мянгад хүрч, аялах жуулчлах зах зээлийг нийт 5 гаруй сая иргэн бүрдүүлж байна.
Олон улсын байгууллагын судалгаагаар, аялж жуулчлах зорилгоор хөдөө орон нутаг, гадаад улс оронд зорчиж буй иргэдийн хоол хүнс, бусад худалдан авч буй хэрэглээг энгийн иргэдийнхтэй харьцуулахад 2-3 дахин их байгаа юм.
Аялал жуулчлал нь худалдаа, үйлчилгээний салбарын борлуулалтыг 25-аас дээш хувиар дэмждэг судалгааг Монголбанк гаргасан байдаг. Мөн гадаадын жуулчид, гадаадад зорьчиж буй монгол иргэдийн хандлага дотоодын, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах хандлага, сонирхол их байдаг. Иймд энэ хэрэгцээ, шаардлагыг үндэслэн дотоодын бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг аялал жуулчлалын салбарын ханган нийлүүлэлтэд нэмэх, салбарын онцлогт тохирсон бүтээгдэхүүн хөгжүүлэх, аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, хэлбэр, агуулгыг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээр баяжуулах, дотоодын аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг аяллын улирал эхлэхээс өмнө танилцуулж, хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжийг олгохоор энэ үйл ажиллагааг зохион байгуулдаг юм.
Үзэсгэлэнгийн үеэр бизнес хамтын ажиллагаа өргөжүүлэх, холбох, бизнесээ танилцуулах, гэрээ байгуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх, сайжруулах судалгаа олон талт хамтын ажиллагаа өрнүүлэхээс гадна экспортыг нэмэх хүрээнд аялал жуулчлалын салбарт бүтээгдэхүүнээ борлуулах боломж олгожээ.