Аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхэд онцгой анхаарахыг хүсэв

УИХ-ын Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо.

Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь нийт 891 гишүүнтэй. Зургаан аймаг, нийслэл дэх 3100 аж ахуйн нэгжийг хамарсан гишүүнчлэлтэйгээр хүрээгээ тэлж байгаа тус холбоо дэргэдээ ажлын албатай. Одоогоор 13 салбар холбоог үйл ажиллагааны чиглэл, байршлын бүс, зорилтот зах зээл зэргээр төрөлжүүлэн байгуулсан байна. Энэ салбарын хөгжилд тулгамдаж буй асуудал нь жуулчдын сонирхолд Монголын талаар буруу, ташаа ойлголт, төсөөлөл хэмээн тус холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэл танилцууллаа.

Уг холбоо Монгол оронд аялахтай холбоотой сэтгэл ханамжийн судалгааг 12 мянган жуулчнаас авч тандахад, өвөл хүйтэн, дэд бүтэц хөгжөөгүй, замын нөхцөл хүнд, дотоодын нислэгийн хүртээмж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдал, чанарт итгэдэггүй, бие даан аялах боломж тааруу, тухайн улсаас шууд нислэггүй зэрэг саад бэрхшээлийг дурдсан гэв. Цаашид аялал жуулчлалын салбарын голлох зах зээлийн 13 орныг түвшнээр нь эрэмбэлэн тодорхойлсон тухай мэдээллээ.

Монголын Аялал Жуулчлалын Холбооны ерөнхийлөгч С.Баясгалан, зөвхөн урин дулааны улиралд бизнес эрхэлдэг энэ салбарт Засгийн газрын санхүүжилтээс гадна бусад олон улсын байгууллага болон бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалт татах хэрэгцээ их бий. Гэтэл бизнес дэмжих хөнгөлөлттэй зээлийг олгож дууссан гэсэн хариуг арилжааны банкууд өгч байгаа. Иймд зээл авсан аж ахуй нэгжүүдийг олон нийтэд зарлах, зээлээр санхүүжиж байгаа төслүүдийн үр дүнг ч гэсэн нээлттэй байлгах шаардлагатай гэсэн юм.

Мөн эрх зүйн орчны тодорхойгүй байдал нь салбарын хөгжлийг хойш татах нөхцөл үүсгэж байгаа. Энэ салбарыг Монгол Улсын тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхэд онцгой анхаарч, бодлогын түвшинд дэмжин ажиллахыг хүсье. Ялангуяа дэлхий дахинд үүссэн геополитикийн асуудлын сөрөг нөлөөг бууруулж, даван туулах бодлогын дэмжлэг хэрэгтэй гэлээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн явцыг илтгэв. Тэрбээр УИХ-ын Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны өмнөх хуралдаанаар ялал жуулчлалын салбарын зээлийг үргэлжлүүлэх, ирэх жил зээлийн татаасыг нэмэгдүүлэхэд УИХ-ын  гишүүдээс дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэний хариуд холбогдох яамдад албан тоот илгээж, үр дүн эхнээсээ гарч эхэлсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн салбарын сайдын багцад 180 тэрбум төгрөгийн зээл олгохоор тусгасан ч гурвалсан гэрээ байгуулахад цаг алдсан учраас зээлийн санхүүжилт 250 тэрбум төгрөг болж өссөн. Одоогийн байдлаар арилжааны банканд 1053 аж ахуйн нэгжээс 2,303.63 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлээд байгаа нь төлөвлөснөөс 9.2 дахин их хэмжээ юм. Цаашид хөнгөлөлттэй зээлийг нэмж санхүүжүүлэх санал гаргасан хэмээн танилцуулав.

Аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагуудын болон бизнес эрхлэгч, компаниудын төлөөллөөс УИХ-ын дэд хороонд хандаж, эх орноо сурталчилсан контент хийж дэмжих, зээлийг үргэлжлүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах чиглэлд анхаарч, шалгалтыг цөөрүүлэхийг хүсэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн