Монгол Улсад арьс өнгөний салбар үүсэж хөгжсөний 100 жил, Арьсны өвчин судлалын үндэсний төв байгуулагдсаны 80 жилийн ойн баярын хурал боллоо. Ойн баярын хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Төрийн соёрхолт, Монгол Улсын хүний гавьяат эмч Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн, Монгол Улсын хүний гавьяат эмч, АУ-ны доктор А.Цогцэцэг, АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж болон салбарын үе үеийн ахмад эмч, эрдэмтэн багш, судлаач, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.
САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ТҮҮХИЙГ ҮЕ ҮЕИЙНХЭН БҮТЭЭЖЭЭ
Баярын хурлыг нээж Эрүүл мэндийн сайд Э.Батшугар үг хэлж, арьс судлалын салбарын нэгэн зууны түүх бол үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн багш, судлаачдын мэдлэг, хөдөлмөр, сэтгэл зүтгэлээр бүтсэн үнэт өв болохыг онцоллоо. Тэрбээр: “Өнгөрсөн 100 жил бол бидний бахархах түүх, бидэнд үлдээсэн үнэт өв. Харин тэр өвийг улам баяжуулж, дараагийн үедээ илүү сайнаар өвлүүлэх нь бидний үүрэг.” хэмээн тэмдэглэв. Мөн дэлхийн анагаах ухаан өвчнийг эмчлэхээс илүүтэй эрсдэлийг урьдчилан тодорхойлох, өвчнийг эрт илрүүлэх, нарийвчилсан оношилгоо, хувь хүнд тохирсон эмчилгээний чиглэлд эрчимтэй хөгжиж байгааг онцлоод Монголын арьс судлалын салбар энэ хөгжилтэй хөл нийлүүлэн урагшлах шаардлагатайг хэллээ. Цаашид арьсны хавдар, архаг үрэвсэлт болон аутоиммун өвчний оношилгоо, эмчилгээг боловсронгуй болгож, молекул оношилгоо, эмгэг судлал, арьсны мэс засал, лазер болон гэрэл эмчилгээ зэрэг орчин үеийн арга, технологийг нутагшуулах, залуу эмч, мэргэжилтнүүдийг сургаж хөгжүүлэх, судалгаа шинжилгээг дэмжих нь чухал болохыг сайд онцолсон юм.

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАЛАА
Ойн баярын хурлын үеэр арьс судлалын салбарын хөгжилд олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа. Ийнхүү салбарынхаа 100 жилийн түүхийг бүтээлцсэн ахмад үеийн хөдөлмөр, гавьяа зүтгэлийг төр засгаас үнэлж, хүндэтгэл үзүүлсэн юм.



Мөн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Монгол Улсын хүний гавьяат эмч А.Цогцэцэг, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж болон бусад хүндэт зочид мэндчилгээ дэвшүүллээ.
Баярын хурлаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Ц.Уранчимэг “Арьс судлалын салбарын түүхэн замнал, ололт амжилт”, АШУҮИС-ийн АУС-ийн АУ-ны доктор, дэд профессор, зөвлөх зэргийн их эмч В.Нямцэнгэл “Монгол Улс дахь БЗДХ/ДОХ-оос сэргийлэх, хянах үйл ажиллагааны түүхэн замнал” сэдвээр илтгэл танилцууллаа. Түүнчлэн арьс өнгөний салбарын 100 жил, Арьсны өвчин судлалын үндэсний төв байгуулагдсаны 80 жилийн түүхэн замнал, ололт амжилтыг харуулсан баримтат киног оролцогчдод хүргэж, салбарын шилдэг ажилтан, мэргэжилтнүүдэд шагнал гардуулав. 1926 онд арьс өнгөний анхны тасаг байгуулагдаж, 1946 онд “Арьс өнгөний больниц” бие даан үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өдгөө 100 жилийн түүхтэй арьс судлалын салбар, 80 жилийн түүхтэй Арьсны өвчин судлалын үндэсний төв нь улсын хэмжээнд төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, судалгаа шинжилгээ хийх, орон нутагт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үндэсний хэмжээний байгууллага болон хөгжиж байна. Өнгөрсөн 100 жилийн ололтоо өвлөн авч, орчин үеийн шинжлэх ухаан, шинэ технологид тулгуурлан арьс судлалын салбарын дараагийн 100 жилийн хөгжлийг бүтээх зорилтыг ойн баярын үеэр онцоллоо. Жиргэх
