Азийн аялал жуулчлалын форум Монгол Улсад болно

Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 19 //. Аялал жуулчлалын салбарын Азийн шилдэг эрдэмтэн, судлаачдыг нэгтгэдэг 15 дахь удаагийн Азийн аялал жуулчлалын форум /ATF 2026/ “Азийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хөгжил ба чиг хандлага” сэдвийн хүрээнд 6 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.  

Уг форум нь Ази тивийн аялал жуулчлалын салбарт тулгарч буй хөгжлийн чиг хандлага, үйлчилгээний менежмент, маркетинг болон тогтвортой байдлын асуудлуудыг хэлэлцэх зорилготой. Монгол Улсад ATF 2026 зохион байгуулснаар Монгол Улсын аялал жуулчлалын салбарын олон улсын нэр хүндийг нэмэгдүүлэх, судалгаа ба практикийн уялдаа холбоог бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл, сургалт, маркетингийн шинэ боломжуудыг бүрдүүлэх ач холбогдолтой.

Энэхүү форум нь Монголын аялал жуулчлалын салбарыг дэлхийн түвшинд таниулах, хөгжүүлэх томоохон боломж болох юм. Форумын үеэр БНСУ, Австрали, БНХАУ, Шри-Ланк, Камбож, АНУ, ХБНГУ, Монгол зэрэг 22 орчим орноос 100 гаруй шалгарсан илтгэгч, эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж гурван өдрийн туршид “Азийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хөгжил ба чиг хандлага ” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэг зохион байгуулах аж.

Форумыг Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам болон Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо хамтран зохион байгуулж байгаа ба  Аялал Жуулчлалын Боловсрол Хөгжлийн Нийгэмлэг болон АЖМХ-ны салбар холбоод тус форумыг дэмжин ажиллаж байна.

Азийн аялал жуулчлалын форум Монгол Улсад болно

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн