Ажиа гэгээний “Алтан бумбын алдуурал” номын нээлт боллоо

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 //. Ажиа гэгээн Лувсантүвданжигмэджамцын “Алтан бумбын алдуурал” номын нээлт Зүүнхүрээ Дашчойлин хийдийн Майдарын дуганд өнөөдөр боллоо.

Тэрбээр өмнө нь “Цагийн бэлгэдэгч наран чөлөө” нэртэй таван бүлэг бүхий товч бүтээл хэвлүүлж байсан бол энэ удаагийн ном 16 бүлэгтэй, дэлгэрэнгүй агуулгатай уншигчдад хүрч байна. Шинэ бүтээлд зохиогчийн амьдралын замнал, туулсан саад бэрхшээл, гадаадад ажиллаж амьдарсан түүх зэрэг амьдралынх нь бүхий л үйл явдлыг багтаажээ.

Ажиа гэгээний “Алтан бумбын алдуурал” номын нээлт боллооНомын нээлтийн үеэр Ажиа гэгээн ярихдаа,  “Энэ ном бол миний амьдралын түүх. Би улс төрийн хүн биш ч амьдралынхаа явцад улс төртэй холбоотой үйл явдлуудтай холбогдож байсан.  Энэ нь миний сонголт байгаагүй” хэмээн тодотгов. Мөн тэрбээр, “Төвөд, монголд гурван богд хэмээх ойлголт байдаг. Монголд Өндөр гэгээн Занабазар, Төвөдөд Далай лам болон Банчин Богд гэж бий. Банчин Богдын 10 дугаар дүр таалал төгссөний дараа түүний хойд дүрийг тодруулах асуудал улс төрийн шинжтэй болж, тухайн үйл явцад оролцож явсан. Энэ тухай номондоо дэлгэрэнгүй өгүүлсэн” гэв.

Ажиа гэгээн 2006 оноос хойш Монгол Улсад ирж, буяны олон ажил санаачлан хэрэгжүүлж иржээ. Тухайлбал, хүүхдүүдэд зориулсан тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлж, одоогоор 100 гаруй суралцагчийг хамруулаад байна. Мөн энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд Яармаг дахь ахмад настнуудын өдөр өнжүүлэх төвд очиж номоо бэлэглэх, тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүд болон дэмжигчидтэйгээ уулзахаар төлөвлөсөн байна. Тэрбээр “Би өөрөө их хөрөнгөтэй хүн биш. Гэвч олон нийтийг уриалан хамтран ажилласнаар эдгээр ажлыг хэрэгжүүлж чадсан. Цаашид Энэтхэгийн Ладак бүс дэх ахмадуудад зориулсан асрамжийн газрыг дэмжих зорилготой байна. Номын борлуулалтын орлогын тодорхой хэсгийг энэ үйлсэд хандивлана” хэмээв.

Гэгээн багш монголын хүүхэд багачуудад чиглэсэн хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлсний нэг нь Эх, нярайн төвийн хашаанд зургаан давхар хүүхдийн цусны хавдрын эмнэлэг байгуулж, улсад хүлээлгэн өгсөн ажил юм. Тус эмнэлэг жил бүр олон мянган хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг байна.

Мөн Япон улсын шүдний эмч нартай хамтран хэрэгжүүлдэг “Хаппи Дент” төслөөр гэр хороолол болон алсалсан дүүргийн хүүхдүүдэд шүдний үзлэг, оношилгоог тогтмол хийж байна. Түүнчлэн ахмад настнуудад зориулсан “Агнист” ахмадын хөгжлийн төвийг байгуулсан бөгөөд уг төвийг нийслэлд албан ёсоор маргааш хүлээлгэн өгөх юм.

Ажиа гэгээний “Алтан бумбын алдуурал” номын нээлт боллоо

Ажиа гэгээний “Алтан бумбын алдуурал” номын нээлт боллоо

Ажиа гэгээний “Алтан бумбын алдуурал” номын нээлт боллоо

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн