Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Засгийн газрын өнөөдөр болсон хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулж, татварыг тэглэлээ. 

Монгол Улс 2026 оны 08 дугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром” нефть болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийтдээ 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ хэлцэл хийжээ. 

Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан нефтийн үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүйгээс шалтгаалан 8 дугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1200-2000 ам.долларт хүрчээ. Тиймээс дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулах үүднээс Гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав. 

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Шатахуун түлш бол айл өрх бүрийн асуудал. ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч энэ хоригт Монгол Улс орохгүй. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохирлоо. Дэлхийн геополитикийн нөхцөл байдлаас Монгол Улсад ирэх сөрөг нөлөөг бага байлгахын төлөө Засгийн газар бүх шатанд ачаа үүрнэ. Шатахуунаа хэрхэн нөөцөлж, түгээж байгаагаа иргэдэд ил тод мэдээл. Мэдээлэлтэй иргэд ажил, амьдралаа төлөвлөнө” хэмээлээ. Мөн 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулах барих ажлын явцын талаар иргэдэд болон Засгийн газарт тогтмол мэдээлэл өгөхийг  үүрэг болголоо.  

  • Газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн шатахууныг түргэн шуурхай хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах 
  • Бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварын хувь, хэмжээг 2027 оны 02 дугаар сарын 01 хүртэл /0/ тэг хувиар тогтоох 
  • Гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх 
  • Хуульд заасан нөхцөл, шалгуурыг бүрэн хангасан зөвшөөрлийн хүсэлтийг хурдан, шуурхай шийдвэрлэж, зөвшөөрөл олгох 
  • Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн жагсаалтад тулгарч буй саадыг арилгах 
  • Шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг тус, тус холбогдох сайдуудад үүрэг болгов. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийхдээ, 

  • Түлш, шатахууны нөөц бүрдүүлэлтэд зайлшгүй хийх 3 ажил байгаа. Нэгдүгээрт, 1 сарын багтаамжтай нөөцийн савыг хамгийн багадаа 3 сарын багтаамжтай болгож нэмэгдүүлэх. Үүнийг анх удаа манай Засгийн газар хэрэгжүүлж байна. Хоёрдугаарт, Дотоодын газрын тосны хайгуулаа эрчимжүүлж, нөөцөө бүрдүүлье. 400 мянган тонн олборлолтоо 3 сая тоннд хүрэх ёстой. Гуравдугаарт, Газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулах. Санхүүжилтийн гацааг арилгаж, бүтээн байгуулалтын ажил саадгүй урагшилж байгаа. 4500 ажилтан алба хаагчид 24 цагаар ажиллаж, 2028 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
  • Монгол Улсад 200 орчим шатахуун импортлох зөвшөөрөлтэй ААН байгаа ч 20 хүрэхгүй нь гаднаас шатахуун олж ирэх чадамжтай. Шатахууныг бүгдэд нээж, чөлөөт өрсөлдөөн бий болго гэдэг хүсэлт иргэдээс ирсэн учраас нээлттэй гаалийн бодлого явуулах шийдвэр гаргалаа. 
  • 10, 100, 200 литрээр ард иргэд боломжтой бол оруулж ирж болно. Стандарт норм, аюулгүй байдлаа хангасан бол гааль дээр хүндрэл үүсгэхгүй. Хуулийн нөхцлөө бүрдүүлээд шатахууны импортын зөвшөөрөл хүссэн ААН-үүдэд хориг саад тавихгүй. 
  • Бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэлээ. Бүх боомтод хэрэгжинэ. БНХАУ-ын хувьд 1 литр АИ-92 автобензинийг 5600 төгрөгийн өөрийн өртгөөр өгнө гэдгээ мэдэгдлээ. 
  • ОХУ-ын зүгээс шатахууны импортын хоригтоо Монгол Улсыг багтаахгүйгээ мэдэгдсэн ч үнэ өссөн. Хангалтыг тогтмолжуулах үүднээс гаалийн татварыг тэглэж байж, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалах юм. Аль болох эх үүсвэрүүдээ олон болгоход онцгой анхаарч байна гэж онцоллоо. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн