“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ой тохиож байна

, 2026 оны гуравдугаар сарын 19“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Энэхүү эмхэтгэл бол Үндсэн хуулиар баталгаажсан цорын ганц албан ёсны хууль цаазын бичиг бөгөөд нийгэм, эдийн засгийн шилжилтийн эгзэгтэй цаг үед ард түмний оюун санаа, нийгмийн хэв журам, дэг ёсыг сахиулж, үндэсний эв нэгдлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэснийг УИХ-ын дарга Н.Учрал чуулганы индрээс онцолж, мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр мэндчилгээндээ, төрийн хууль эс үйлчлэх харилцаа, үл биелүүлэх аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээд гэж үгүй гээд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх шатны шүүх, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэн хуулийг баримталж, өдөр тутмын ажил, амьдралдаа хэрэглэдэг гэдгийг онцлон өгүүлсэн юм.

Тус эмхэтгэлийг Улсын Бага Хурлаас эхлэн өнөөг хүртэл Тамгын газар эрхлэн гүйцэтгэж байна. Эмхэтгэлийн хамт олон 35 жилийн ойгоо тохиолдуулан Монгол Улсын 1990 онд нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцыг харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан кирилл, брайл хос үсгээр нийтэлсэн тусгай дугаар гаргасныг Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцуулж, баяр хүргэлээ.

Эмхэтгэлийн ойн хүрээнд УИХ-ын Тамгын газраас баримт бичиг, хууль, тогтоомжийн эмхэтгэл, сэтгүүлийн үзэсгэлэн гаргаж, “Төрийн мэдээлэл”-д зориулсан хүндэтгэлийн буланг Төрийн ордонд байгуулжээ. Мөн эмхэтгэлийг гардан эрхэлж байсан ахмад ажилтнууд, одоо ажиллаж буй залуу үеийн төлөөллийг хүлээн авч, талархал илэрхийлсэн юм. Талархал илэрхийлэх арга хэмжээг УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат нээж, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Л.Өлзийсайханы мэндчилгээг уламжлав.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээндээ “Төрийн мэдээлэл” эмхэтгэл Монгол Улсад хуульт ёс, эрх зүйт нийгмийн тогтолцоог бүрэлдүүлэн бэхжүүлэх үйл хэргийн үндсэн эх сурвалж болсоор ирснийг онцолж, албан ёсны эх сурвалж тул энэхүү эмхэтгэл хууль, шүүхийн байгууллагынхны гарын авлага, ширээний ном болдгийг бахархан дурдсан юм.

“Төрийн мэдээлэл” сэтгүүлийг сар тутам гаргаж байхаар заасан БНМАУ-ын Бага Хурлын даргын 18 дугаар захирамж эдүгээгээс 35 жилийн тэртээ, 1991 оны энэ өдөр гарчээ. Анхны дугаараасаа эхлэн тус эмхэтгэл эдүгээ нийт 1406 дугаар гараад байгаа бөгөөд 2020 оноос хууль тогтоомжийг монгол, кирилл хос бичгээр хэвлэж байна. Энэ хугацаанд мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцыг эмхэтгэсэн 15 тусгай дугаар гаргасан байна.

Талархал илэрхийлэх арга хэмжээнд Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн, Монголын парламентын анхны хэвлэлийн төлөөлөгч, парламентад тасралтгүй 26 жил ажилласан, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүй, Тамгын газрын анхдагч Ч.Жаргалсайхан, Б.Одонжил, ахмад ажилтан Б.Янжинлхам, Л.Баярсайхан, Э.Эрдэнэчимэг, С.Итгэлт нарын олон хүн уригдан оролцож, өөр өөрийн дурсамжийг хуваалцсан юм. “Хамгийн их ажил хийсэн” парламент гэгддэг 1992-1996 оны УИХ, чуулганы үйл ажиллагаа, ажлын ачаалал, хамт олны эвсэг, хөдөлмөрч арга барилын тухай Ардын багш Т.Баасансүрэн халуун дотно дурсамж ярив.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар болон “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд ажиллаж байсан хүмүүсээс нэг Төрийн соёрхолт, нэг Ардын багш цолтон, таван гавьяат цолтон төрөн гарсныг Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүй энэ үеэр бахархан дурдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн