Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр нар “Улаанбаатар-Хүннү” олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр гүүрэн гарцаар холбох дэд бүтэц, зохион байгуулалтын нөхцөл бүрдүүлэх, дамжин өнгөрөх зорчигчдыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр, нисэхийн аюулгүй байдал, хил, гаалийн хяналтын тусгай зохицуулалтаар транзит зочид буудалд чөлөөтэй нэвтрэх боломж бүрдүүлэхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.
Төслийг НЗДТГ-аас хэрэгжүүлж, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах, бүтээн байгуулалтыг хянах бол ИНЕГ нь нисэх буудлын аюулгүй байдал, хил гаалийн тусгай зохицуулалтыг хангах, гүүрэн гарцыг холбох нөхцөл бүрдүүлэх юм.
Аялал жуулчлал, агаарын тээврийн зорчигч урсгалыг сайжруулах, Хүннү хотын бүтээн байгуулалт, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэх зорилготой тус төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсаар дамжин өнгөрөх зорчигчийн урсгалыг нэмэх, аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, нийслэлийг олон улсын агаарын тээврийн зангилаа болгон хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх ажээ.