Ираны Тагнуулын сайд Эсмаил Хатиб амь үрэгджээ

Ираны Тагнуулын сайд Эсмаил Хатиб агаарын цохилтод өртөж амиа алдсаныг тус улсын ерөнхийлөгч Масуд Пезешкян мэдэгдлээ. Тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Ларижани, Басиж хагас цэрэгжсэн хүчний дарга Голамреза Солеймани нараас үргэлжлээд Иран дахин нэг өндөр албан тушаалтнаа алдаж байна.

Масуд Пезешкян “Х” хаягаараа жиргэхдээ Ираны ард түмэнд хандан эмгэнэл илэрхийлээд, “Бидний үйл хэрэг өмнөхөөсөө илүү тууштай үргэлжлэх болно” гэжээ.

Израилийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр Ираны Тагнуулын сайд Эсмаил Хатиб тус улсад саяхан болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчдыг дарах, баривчлах, хөнөөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн аж. Эсмаил Хатиб 2021 онд ерөнхийлөгч агсан Эбрахим Райсигийн томилгоогоор Батлан хамгаалахын сайд болсон. Тэрээр Хаменеи зэрэг хэд хэдэн өндөр албан тушаалтны удирдлага дор Тагнуулын яам болон Дээд удирдагчийн тамгын газарт янз бүрийн өндөр албан тушаал хашиж байжээ. Түүнийг АНУ болон түүний холбоотнуудын эсрэг кибер үйл ажиллагаанд оролцсон гэж буруутган АНУ-ын Сангийн яам 2022 онд хориг арга хэмжээ авсан аж.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн