Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 18 //. Монгол Улсын Ардын багш, Төрийн шагналт, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ш.Чоймаагийн “Бүтээлийн чуулган” таван боть номын нээлт МУИС-ийн Эрдмийн танхимд өнөөдөр боллоо.
Энэ удаа нээлтээ хийж буй таван боть нь Ш.Чоймаагийн бие даан туурвисан эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл юм. Уг чуулганд монгол хэл, соёл, түүхэн сурвалж, шашин, уламжлалт мэдлэг ухааны чиглэлийн судалгаануудыг нэгтгэн багтаасан байна.
Энэ талаар түүний хүү Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал ярихдаа, “Энэхүү таван боть аавын маань насан туршдаа туурвиж, хэрэгжүүлж ирсэн судалгаа, бүтээлийг нэг дор багтааснаараа онцлог. Мөн эх хэл, монголын нууц товчооны судлал, Чингис хааны судалгаа, монголын өв соёл, уламжлалт мэдлэг ухаан, хүүхэд, залууст үндэсний ухамсар, хүмүүжил төлөвшүүлэх чиглэлийн бүтээлийг багтаан эмхэтгэсэн. Өмнө нь эдгээр бүтээл тус тусдаа хэвлэгдэн гарч байсан ч ийнхүү нэгтгэн хэвлүүлснээр уншигчид бүтээлийг илүү цэгцтэй, цогцоор нь хүлээн авах боломж бүрдэж байна” хэмээн тодотгов.
Мөн тэрбээр, “Боть тус бүр өөрийн онцлог агуулгатай. Эхний гурван ботид эх бичиг, сурвалж судлалын чиглэлийн бүтээлүүдийг багтаасан. Миний аав МУИС-д эх бичиг, сурвалж судлалын чиглэлийг хөгжүүлж, монголчуудын түүхийг сурвалж бичгээр нотлон судлах ажлыг анхлан системтэй эхлүүлсэн эрдэмтдийн нэг юм. Иймд энэ чиглэлийн бүтээлүүд нь эхний гурван ботид багтсан. Дөрөвдүгээр боть нь эх хэл, үндэсний бичиг, соёлын чиглэлээр туурвисан бүтээлүүдийг багтаасан бол тавдугаар боть уламжлалт мэдлэг ухаан, монголчуудын өв соёл, шашин судлал зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарсан бүтээлүүдээс бүрдэж байна. Мөн аавын маань захиж хэлсэн “Эх хэлнийхээ үг бүрийг, эх орныхоо чулуу бүрийг хайрлаж яваарай” гэсэн үг түүний үзэл санаа, бүх бүтээлд шингэсэн байдаг” гэв.
Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Баярсайхан ярихдаа, “Энэхүү таван боть бүтээлийн эмхэтгэлийн ерөнхий редактораар ажиллалаа. Ш.Чоймаа багшийн туурвисан бүтээлийг бүрэн хэмжээнд эмхэтгэн гаргавал хэдэн арван боть болохуйц арвин өвтэй. Энэхүү таван боть нь багшийн бие даан бичсэн судалгааны бүтээлийг нэгтгэн багтааснаараа онцлог. Эдгээр бүтээл эх хэл, үндэсний бичиг, соёл, монголын уламжлалт мэдлэг ухаан, үе үеийн эрдэмтэн мэргэдийн туурвисан судар номын өв хөмрөгийг шинжлэн судалж, түгээн дэлгэрүүлэхэд амьдралынхаа ихэнх хугацааг зориулсан эрдэмтний үзэл санаа, хөдөлмөр шингэсэн. Иймд уг таван боть нь эх хэл, бичиг соёл, түүхээ эрхэмлэн дээдэлдэг хүн бүрд өгөөжтэй бүтээл юм. Үүнээс гадна багшийн бүтээлүүд монгол хүн ямар байх ёстой, ирээдүй хойч үе, залуус юуг эрхэмлэн анхаарах учиртай талаар гүн гүнзгий эргэцүүлэл, сургамж багтаасан. Тухайлбал, монголын эрх ашгийг эн тэргүүнд тавих, уламжлалт ёс заншил, шашин шүтлэгээ дээдлэх зэрэг үнэт зүйлсийг ухааруулан таниулж, сануулсан агуулгатай бүтээлүүд байгаа” гэв.
“Шаравын Чоймаа” сан монгол хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, монгол бичиг соёлоо хамгаалах, дархлааг нь бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй санаачилга гарган ажиллахыг зорьж байгаа аж. Мөн наймдугаар сард монгол сурвалж бичгийн анхдугаар их хурлыг тус сангийн ивээл дор зохион байгуулахаар төлөвлөж байна.
Цаашид уг хурлыг хоёр жил тутам зохион байгуулахаас гадна дэлхийн монгол судлалын салбарт гарсан сурвалж судлалын шилдэг бүтээлд Ш.Чоймаа багшийн нэрэмжит шагналыг олгож байхаар болжээ.


