ЦХИХХЯ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд ажлын хэсгийн уулзалт зохион байгуулж, тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч хатагтай Андреа Меза Мурильо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү Монголд зохион байгуулах COP17 бага хурлын бэлтгэл хангахад анхаарах чиглэлүүдийг танилцуулсан юм. Тэрээр бага хурлын албан ёсны вэб сайтын хөгжүүлэлт, дэд бүтцийн бэлтгэл, медиа төвийн төлөвлөлт, олон улсын хэвлэл мэдээлэл болон мэдээллийг олон нийтэд шуурхай, хүртээмжтэй хүргэх харилцаа холбоо болон энэ үеэр зохион байгуулах Ногоон бүс, медиа ногоон бүсийн ач холбогдолтойг илэрхийлжээ.
ЦХИХХ-ны яам COP17 бага хуралд бэлдэж, мэдээлэл, харилцаа холбоо, дижитал платформын зохион байгуулалтыг хангах чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна. Бага хурлын видео, аудио системийн бэлтгэл, хэвлэл мэдээллийн байгууллагад зориулсан шууд дамжуулалт хийх техникийн шийдлийг хэлэлцсэнийг ЦХИХХЯ мэдээллээ.
Энэ үеэр UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч хатагтай Андреа Меза Мурильо Монгол Улс төлөөлөгчдийг халуун дотно хүлээн авч байгаад талархаад, COP17 бага хурлын бэлтгэл хангахад талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухлыг онцлов.
Уулзалтын төгсгөлд талууд COP17 бага хурлын бэлтгэлтэй уялдуулан мэдээлэл солилцоог эрчимжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд нягт хамтран ажиллахаар санал нэгджээ.