НАТО-ийн гишүүд Ормузын хоолойг аюулгүй байлгах АНУ-ын хүчин чармайлтад туслахгүй байснаараа тэнэг алдаа хийж байна гэж Трамп буруутгав. Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс болоод газрын тосны үнэ өсч байгаа ч АНУ холбоотнуудаасаа тусламж авахгүй гэж тэр мэдэгдлээ.
Тэрбээр Цагаан ордонд Ирландын ерөнхий сайд Майкл Мартинтай уулзахдаа “НАТО-ийн холбоотнууд олонх нь Ираны дайнд оролцохыг хүсэхгүй байгааг би мэдсэн. Энэ мөргөлдөөнийг тэдний ихэнх нь хууль бус гэж үзэж байгаа. Бидэнд НАТО-ийн зүгээс ямар ч тусламж хэрэггүй. Гэхдээ тэд оролцох л ёстой байсан юм даа. Персийн булан руу мина цэвэрлэх хөлөг онгоцуудыг илгээхээс татгалзана гэдэг тийм том асуудал биш. Гэхдээ АНУ-ын хувьд шударга бус байна” гэжээ.
Мөн тэрбээр хамгийн хатуу шүүмжлэлээ Их Британи руу чиглүүлсэн байна. “Ерөнхий сайд Кейр Стармер гарч ирэхээс өмнө АНУ, Их Британийн харилцаа үргэлж сайн байсан. Энэ дайн АНУ-ын холбоотнуудын харилцааг шалгах гайхалтай шалгалт болж байна” гэж Трамп хэлжээ.
АНУ асар их санхүүгийн дэмжлэг Украинд үзүүлсэн. НАТО-ийн холбоотнууд үүнээс ашиг тусыг нь хүртсэн гэж Трамп буруутгаж байна. Тэрбээр “Бид тэднийг хамгаалж байна. Гэтэл тэд бидний төлөө юу ч хийсэнгүй. Адаглаад л хэрэгцээтэй үед хүртэл хөдөлсөнгүй” гэж цахим хуудсаараа жиргэжээ.
Мөргөлдөөн оролцохгүй гэдгээ ил тод мэдэгдсэн зарим улс бий.
Жишээлбэл, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Франц улс оролцохгүй. Бид мөргөлдөөнд оролцогч тал биш. Тийм учраас Ормузын хоолойг дахин нээх, эсвэл чөлөөлөх ямар нэг ажиллагаанд оролцохгүй” гэж мэдэгджээ. Мөн Европын холбооны топ дипломатч Кажа Каллас “Энэ бол Европын дайн биш. Бид дайн эхлүүлээгүй. Бидэнтэй зөвлөлдөөгүй. Гишүүн орнууд энэ дайнд чирэгдэж орох хүсэлгүй байна” гэж мэдэгдсэн юм.
Иран, Израилийн мөргөлдөөн эхэлснээс хойш Ормузын хоолойгоор Энэтхэг, Хятад тэргүүтэй цөөн хэдэн улс л Ираны газрын тосыг тээвэрлэж байна. Үүний зэрэгцээ ачаа тээврийн хэдэн хөлөг хоолойд гацсан байдалтай байна.