АНУ-д сургамж өгөх удирдагч гэгдэж байсан Али Ларижани амиа алджээ

None

АНУ-д сургамж өгөх удирдагч гэж нэрлэгдээд байсан Ираны албан тушаалтан Али Ларижани болон тус улсын Басиж армийн командлагч Голамреза Солеймани нар амиа алдсаныг Израиль мэдээлж, Ираны хэвлэл баталгаажууллаа. Али Ларижани нь Ираны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга байсан юм. Түүнийг Иран болон Исламын хувьсгалын төлөө бүх насаа зориулсны эцэст амиа алдлаа гэж тус улсын хэвлэлд мэдээлсэн байна.

Дээд удирдагч Аятолла Али Хаменеи нас барсны дараа Али Ларижани Ираны хамгийн өндөр албан тушаалтанд тооцогдох болсон. Тэрээр хамгийн сүүлд гуравдугаар сарын 13-ны өдөр олон нийтийн өмнө гарч иржээ. Тодруулбал, тэрээр Тегеран дахь палестинчуудыг дэмжсэн “Al-Quds Day” жагсаалд Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкяны хамт оролцсон юм. Али Ларижани Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд томилогдохоосоо өмнө барууныхантай хийх цөмийн хэлэлцээг толгойлж байснаас гадна парламентын спикерээр олон жил ажиллажээ.

Али Ларижани, Голамреза Солеймани нар амиа алдсан тухай Израилийн Батлан хамгаалахын сайд Израиль Кац мэдэгдэхдээ “Бид удирдагчдыг нь хөнөөж, дэглэмийн чадавхийг үгүй хийж байна. Манай арми пуужингийн чадавх болон стратегийн дэд бүтцийг үргэлжлүүлэн устгаж, цохилт өгөхийн тулд бүх хүчин чадлаараа ажиллаж байна” гэжээ.

Харин Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху “Ларижаниг хөнөөсөн нь иранчуудад засгийн газраа түлхэн унагахад нь тусалж буй нэг алхам” гэж мэдэгдэв.

Ларижани амиа алдахаасаа хэд хоногийн өмнө мэдэгдэл хийхдээ АНУ, Израилийн эсрэг тэмцлээ зогсоохгүй гэсэн юм. Мөн дэлхий даяар тархсан исламын шашинтнуудыг нэгдмэл байхыг уриалж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн