АМСТЕРДАМ, 2026 оны гуравдугаар сарын 17 /DW/. Яндексийн ерөнхий захирал Аркадий Волож-ийн үүсгэн байгуулсан Нидерландын Nebius Group N.V компани хиймэл оюун ухааны төслүүдэд дэд бүтцийг нийлүүлэх тухай урт хугацааны гэрээг Америкийн Мета Platforms Inc компанитай байгуулсан тухай өчигдөр Nebius-ийн хэвлэлийн алба мэдээллээ.
Таван жилийн хугацаатай уг гэрээний хүрээнд Nebius компани 12 тэрбум долларын өртөг бүхий тооцоолон бодох хүчин чадлыг нийлүүлэх бөгөөд эдгээр нь NVIDIA Vera Rubin платформ дээр ажиллах юм. Эхний нийлүүлэлтийг 2027 оны эхээр хийхээр тохиролцсон байна. Үүнээс гадна Мета компани 5 жилийн хугацаанд 15 тэрбум долларын өртөг бүхий Nebius-ийн ирээдүйд бий болгох тооцоолон бодох хэрэгслүүдийг худалдан авах үүрэг хүлээжээ. Мөн Nebius компани хүчин чадлынхаа зарим хэсгийг өөр хэрэглэгчдэд нийлүүлэхээр төлөвлөж байгаагаас гадна үлдсэн хэсгийг нь Марк Цукербергийн компанид зориулан нөөцлөх ажээ.
Ингэснээр хэлцлийн мөнгөн дүн нь 27 тэрбум долларт хүрнэ. Энэ бол Метагийн хувьд тооцоолон бодох хүчин чадлаа худалдах хамгийн том хэлцлүүдийн нэг юм.
Ийнхүү урт хугацааны хэлцэлд гарын үсэг зурсны дараа өчигдөр болсон арилжаагаар Nebius-ийн хувьцааны ханш 15 хувиар огцом өссөн бол сүүлийн 12 сарын хугацаанд 4 дахин өслөө. Харин Метагийн ханш 2,8 хувиар өсжээ.
Ташрамд дурдахад, 2025 оны намар Nebius Group компани Майкрософттой 20 тэрбум долларын, энэ сард Nvidia-тай 2 тэрбум долларын гэрээнүүд байгуулсан байна.