Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг 2025-2026 оны улирлын цуврал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ой, тус сумын харьяат, улсын гарди П.Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанаар үргэлжиллээ.
Ард олондоо “Инээдэг гарди” хэмээн алдаршсан П.Сүхбатын нэрэмжит барилдаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, “Их шавь” дэвжээний бөх, аймгийн арслан М.Баасанжав түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Тэргүүн богд” дэвжээний бөх, улсын арслан Э.Батмагнай үзүүрлэв. М.Баасанжав арслан улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд анх удаа түрүүлээд зогсохгүй П.Сүхбат гардийн нэрэмжит “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагнал гардлаа.
Тэрбээр барилдааны дараа ярилцлага өгөхдөө “Мундаг бөхийн нэрэмжит барилдаанд түрүүлж, авшиг хүртсэндээ маш их баяртай байна. Энэ барилдааныг зохион байгуулсан бүх хүнд талархал илэрхийлье. Улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдааны анхны түрүүгээ авлаа. Түрүүлнэ гэж бодоогүй. Энэ цагийн идэр арслантай сайхан барилдлаа. Өмнө нь давхар хамуулж унасан. Тиймээс түүнд нь зориулж хариу бэлдсэн. Тэр нь биеллээ боллоо. Бөх хүний бэлтгэл унаж, сэргэдэг. Миний хувьд энэ удаа бэлтгэл сайн, бас азтай, одтой байлаа. Индэрт гарч үзэхийг мөрөөдөж бэлтгэлээ хийдэг байсан. Би “Их шавь” дэвжээнд бэлтгэл хийж байна. Энэ ташрамд багш нартаа маш их баярлалаа гэж хэлье. Мөн аав, ээждээ, дэмжигч нартаа талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье” гэв.
Тэгвэл улсын залуу арслан Э.Батмагнайгийн хувьд энэ улиралд бөхийн өргөөний барилдаанд дөрөв түрүүлж, хоёр үзүүрлэн, дөрвөн удаа их шөвөгт шалгарсан амжилттайгаар бөхчүүдийг тэргүүлж байна.
Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Таван Хан” дэвжээний бөх, улсын саруул сайжрах заан Н.Жаргалбаяр, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном нар шалгарлаа. Дунд шөвөгт улсын заан Б.Серик, харцага Н.Золбоо, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв.
Монголын үндэсний бөхийн холбооноос 2025-2026 оны улирлын нээлтээс хойш өнөөдрийг хүртэл улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн 19 барилдаан зохион байгуулсан бөгөөд одоогоор 11 бөх түрүүлээд байна. Тодруулбал, улсын арслан Э.Батмагнай дөрвөн түрүүтэй тэргүүлж байгаа бол Ц.Бямба-Отгон гурав түрүүлсэн амжилтаараа удаалж байгаа юм. Харин улсын арслан Б.Орхонбаяр, заан М.Лхагвагэрэл, С.Сүхбат нар хоёр, аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, арслан Э.Оюунболд, харцага Б.Зоригтбаатар, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан М.Баасанжав нар тус бүр нэг удаа түрүүлжээ.



