Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдтэй уулзаж, салбарын яамнаас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд 21 аймгийн төв болон 70 суманд Сум дундын буюу Орон нутгийн хөгжлийн төв байгуулахаар төлөвлөсний нэг нь Эрдэнэдалай сум юм. Тус сум 1200 гаруй малчин өрхтэй, 2025 оны мал тооллогын дүнгээр улсын хэмжээнд хоёрт бичигдсэн, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай нутаг бөгөөд иргэд хөдөө орон нутгийг хөгжүүлж, малчдыг дэмжих бодлого болох “Орон нутгийн хөгжлийн төв төсөл”-ийг манлайлан хэрэгжүүлэх аж.
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн хэлэхдээ, “Салбарын бодлогыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан, орон нутгийн хөгжлийг дэмжин ажиллахыг зорьж байна. Үүний нэг нь “Орон нутгийн хөгжлийн төв” төсөл юм. Эхний ээлжид Эрдэнэдалай суманд хувийн хэвшилд тулгуурлан жишиг хэлбэрээр хэрэгжүүлнэ. Уг төв нь хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, бизнесийн зөвлөх үйлчилгээг нэг цонхоор үзүүлнэ. Мөн трактор түрээсийн үйлчилгээ, мал үржлийн нэгж, мал эмнэлгийн хүйтэн хэлхээ, бага оврын тэжээлийн үйлдвэр зэргийг байгуулах юм” гэв.
ХХААХҮЯ-ны мэдээлснээр, уулзалтад оролцогчид тэмээний аж ахуй, ингэний фермүүдийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, малчдыг гадаадад туршлага судлуулах, мал эмнэлгийн салбарт залуу боловсон хүчин бэлтгэх, монгол адууны удмын санг хадгалах, улсын хэмжээнд арьс шир, түүхий эд боловсруулах үйлдвэрүүдтэй болох, гүний худаг гаргах, хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх, ноолуурын үнэ тогтвортой, өсөлттэй байлгах зэрэг санал хүсэлтээ томилолтын бүрэлдэхүүнд уламжилсан байна.