Орос улс өдөрт 150 сая долларын нэмэлт орлого олж байна

ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 13 /DW/. Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагаа явагдаж буй энэ үед газрын тосны үнэ огцом өссөнөөр Оросын төсөвт өдөр бүр 150 сая долларын нэмэлт орлого орно гэж салбарын шинжээчдийн тооцооллыг эш татан “Файнэншл Таймс” сонинд бичжээ.

Оросын нефтийн үнэ дунджаар 70-80 доллар байна гэж тооцвоос гуравдугаар сарын эцэс гэхэд Орос улс 3,3-4,9 тэрбум долларын нэмэлт орлого олно гэж шинжээчид тооцоолсон байна. Харьцуулахад, хоёрдугаар сард Оросын нефть дунджаар 45 орчим доллароор зарагдаж байжээ.

Оросын ерөнхийлөгчийн тусгай элч Кирилл Дмитриев “Файнэншл Таймс”-ын нийтлэлд тайлбар хийхдээ “түүхэн дэх хамгийн том эрчим хүчний хямрал дөнгөж эхэлж байна” гэлээ. Нийтлэл гарсны дараахан АНУ-ын эрх баригчид Оросын нефтэнд тавьсан хоригоо түр хугацаанд зөөлрүүлнэ гэдгээ мэдэгджээ. Тодруулбал, гуравдугаар сарын 12-ноос өмнө хөлөг онгоцуудад ачсан нефть ба нефтийн дайвар бүтээгдэхүүнүүдийг зах зээлд борлуулахыг зөвшөөрсөн байна. Kpler-ийн мэдээлснээр, гуравдугаар сарын 6 гэхэд Оросын 130 сая баррель нефть танкеруудад ачигдсан байжээ.  

Оросын нефтийг худалдахыг Америкийн эрх баригчид зөвшөөрсөн боловч зах зээл дэх нөхцөл байдал хүнд хэвээр байна. Баасан гарагт Брент маркийн газрын тосны үнэ ялимгүй доошилж, 100 орчим долларт хэлбэлзэж байв. Америкийн WTI маркийн газрын тос 0,8 хувиар хямдарч, 94,93 доллароор зарагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Brent, WTI маркийн газрын тосны үнэ 9-10 хувиар нэмэгджээ. Харин дайн эхэлснээс хойш 40 гаруй хувиар өссөн байна. Иймээс нефтийн зах зээлийг тогтворжуулахын тулд АНУ-ын Эрчим хүчний яам тус улсын стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тосыг зах зээлд гаргахаар шийдвэрлэжээ. Мөн Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн 32 улс нийтдээ 400 сая баррелийг гаргахаар тохиролцсон байна.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн