Улаанбаатар хотод энэ онд 13 байршилд 52 км авто зам шинээр барина.
Таван байршилд 33.8 км авто замыг засаж шинэчилнэ. Нийт 85.8 км авто зам, замын байгууламжийг шинээр барьж, засахаас гадна хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, хоёр байршилд 31 км гэрэлтүүлэг хийхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.
Дараах авто замын ажлыг энэ оны тавдугаар сард эхлүүлж 11 дүгээр сард дуусгахаар зураг төслийг нь боловсруулж байна. Тодруулбал:
-Архивчдын гудамж, Морин тойруулга, Наадамчдын талбайн гудамжаас Нүхтийн авто замтай холбогдох авто зам нь 2.2 км урт, 4 эгнээ зорчих хэсэгтэй байх юм. Тус замын ажлыг тавдугаар сард эхлүүлж, 11 дүгээр сар гэхэд ашиглалтад оруулснаар Наадамчдын зам, Архивчдын гудамжны ачаалал 0.365 хувиар багасах ажээ.

-Солонго-1 орон сууцны хорооллоос үерийн хамгаалалтын суваг хүртэлх авто зам нь 0.571 км урт, 2 эгнээ зорчих хэсэгтэй. Энэ замыг барьснаар холбоос авто замыг нэмж, хөдөлгөөний ачаалалыг 0.311 хувиар багасгана.

-Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто замын урт нь 12.55 км, 2 эгнээ зорчих хэсэгтэй. Нисэх, Яармаг чиглэлийн зорчигчид баруун аймгууд руу явдаг авто замд шууд нийлэх боломжтой бөгөөд хөдөлгөөний ачаалалыг 0.097 хувиар багасгах боломжтой.

-Наадамчдын замаас Арцатын ам хүртэлх босоо чиглэлийн туслах замын урт 0.35 км, зорчих хэсэг 2 эгнээ байна. Замын хөдөлгөөний ачааллыг 0.088 хувиар багасгахаас гадна явган зам, ус зайлуулах сувгийн ажлыг хийнэ.

-Гурвалжингийн гүүрэн доогуурх авто замын урт 0.6 км, зорчих хэсэг 2 эгнээ байна. Энэ авто зам, гүүр барьснаар Гурвалжингийн гүүрний урд талаар буцаж эргэдэг болж, замын хөдөлгөөний ачааллыг 0.003 хувиар багасгана гэж үзжээ.

-Наадамчдын авто замаас 312 дугаар сургууль хүртэлх замын урт 0.45 км, зорчих хэсэг 2 эгнээ байх юм. Энэ зам сургууль орчмын аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой.

-Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох авто замын урт 0.5 км, зорчих хэсэг 2 эгнээ байна. Ингэснээр Нарны замын түгжрэл багасаж, хөдөлгөөний эрчим сайжрах юм.

-Сүхбаатар дүүргийн 19-р хорооны авто замын урт 2.4 км, 2 эгнээ байх бөгөөд зам барьснаар зуслангийн оршин суугчдын аюулгүй, ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ.

-Зээлийн 124 дугаар сургуулиас 158 дугаар цэцэрлэг хүртэлх авто замын урт 0.42 км, 2 эгнээтэй байна. Энэ зам сургууль, цэцэрлэг орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ач холбогдолтой юм.

-Тэнгэр рашаанаас “Хүмүүн” сургуулийн зүүн урд тал Ар зайсангийн гудамж хүртэлх авто замын урт 0.85 км, 2 эгнээ зорчих хэсэгтэй. Энэ шороон замыг хучилттай болгосноор авто замын сүлжээг нэмж, Зайсан орчмын оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ.

-Хийморийн овооны араас Ар зайсангийн гудамж хүртэлх авто замын урт 1.1 км, 2 эгнээ байна. ХААИС-ийн уулзварын ачаалал багасаж, Зайсан орчмын зорчилт сайжирна.

-Найрамдал зуслангийн авто замд 13 км үргэлжлэх гэрэлтүүлэг хийж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, осол аваарын тоо багасна.

-Товчооны “Монос”-ын уулзвараас Эмээлт хүртэлх авто замд 19 км үргэлжлэх гэрэлтүүлэг хийнэ. Ингэснээр замын хөдөлгөөний аюулгүй байдал хангаж, үзэгдэх орчныг сайжруулах юм.
