ТОКИО, 2026 оны гуравдугаар сарын 7 /AP/. Ойрх Дорнод дахь хурцадмал байдлын улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд тасалдал үүсэх вий гэсэн болгоомжлол нэмэгдэж буй үед Япон, Канад улсууд батлан хамгаалах, эрчим хүч, технологийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд чиглэсэн стратегийн хэлэлцээр байгууллаа.
Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ, Канадын Ерөнхий сайд Марк Карни нар дэлхий дахинд тодорхой бус нөхцөл байдал үүссэн үед эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх шаардлагатайг онцолжээ. Хэлэлцээрийн хүрээнд талууд эдийн засаг, кибер аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээг эхлүүлж, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, худалдааг өргөжүүлэх, эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
“Дэлхий ертөнц өдгөө эргэлтийн үедээ байна. Үүнийг бид Ойрх Дорнод болон бусад бүс нутгаас харж болно” гэж М.Карни хамтарсан хэвлэлийн хурлын үеэр онцолжээ.
Т.Санаэ, М.Карни нар мөн Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятадын худалдаа, цэргийн үйл ажиллагаа идэвхжиж байгаатай холбоотойгоор эдийн засгийн аюулгүй байдал, кибер бодлогын асуудлаар хоёр талын зөвлөлдөх уулзалтыг хийж эхлэхээр тохиролцжээ.
М.Карни үүрэгт ажилдаа орсноосоо хойш Японд анх удаа албан ёсны айлчлал хийсэн нь энэ юм. Хоёр талын хэлэлцээ Ормузын хоолойгоор тээвэрлэдэг газрын тосны нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлол нэмэгдэж буй үед боллоо.