Говь-Алтай аймагт орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээ сайжруулах төсөл хэрэгжинэ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 6 //. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийг өргөтгөх ажлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр, улс даяар хэрэгжүүлэх төслийн хүрээнд барьж байгуулахаар төлөвлөжээ.

ЭМЯ-ны мэдээлснээр, төслийн хүрээнд эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангах бөгөөд 2026-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчлэх шийдвэр гарсныг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн аймгийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай өчигдөр уулзах үеэрээ мэдээлэв.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх уг төсөл нь аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагын чадавхыг бэхжүүлж, орчин нөхцөлийг сайжруулах зорилготой. Ингэснээр сэргийлэх боломжтой нас баралт, тархины харвалт, зүрхний шигдээс, осол гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламжийг илүү үр дүнтэй шатанд хүргэх юм.

Сайд Ж.Чинбүрэн “Орон нутгийн болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд энэ бодлогыг хариуцлагатай хэрэгжүүлж, идэвхтэй оролцох нь чухал” гэдгийг онцолсон байна. 

Орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, осол гэмтэл эхний гуравт орсоор байгаа тул энэхүү төслийн үр дүнд иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай авч, амь нас, эрүүл мэндээ хамгаалах боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн