Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийг иж бүрэн шинэчилж байна

М-Си-Эс Групп нийгмийн хариуцлагын хүрээнд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх, эмэгтэйчүүдийн тасгийг иж бүрэн шинэчилж байна.

ЭМЯ-ны мэдээлснээр, тус эмнэлгийг 1942 онд байгуулж ба барилгын их засвар, шинэчлэл зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн байгууллагын нэгт тооцогддог. 2025 онд тус эмнэлгийн төрөх тасагт 1.236 эх амаржсан.  Жил бүр дунджаар 1.300 орчим нярайг аюулгүй, тав тухтай орчинд хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлж байгаа аж.

Мөн гурван давхар, 1.774.08 ам дөрвөлжин метр талбайтай тус барилгад иж бүрэн засвар шинэчлэл хийж, цонх, хаалга, фасад, сантехник, цахилгаан, агаар сэлгэлт, дээвэр, холбоо дохиолол, сувилагчийн дуудлагын систем, хий хангамж болон камержуулалтыг бүрэн шинэчлэхээр төлөвлөжээ. Засвар, шинэчлэлийн ажлыг 2025 оны арваннэгдүгээр сараас “Номин ундрах өргөө” компани гүйцэтгэж буй бөгөөд дөрөвдүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрүүл мэндийн салбарт оруулж буй хувийн хэвшлийн томоохон хөрөнгө оруулалт нь бусад аймагт жишиг болон хэрэгжих боломжтойг онцолж компанийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газарын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг татварын бодлогоор дэмжихээр тусгасан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр татвар төлөгч нь нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт, хандив, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн тохиолдолд татвар ногдох орлогын нэг хувь хүртэлх дүнг төлөх албан татвараас шууд хасуулах боломжтой болсон юм. Тухайлбал, татвар ногдох орлого 500 сая төгрөг бол 5 сая төгрөг хүртэлх дэмжлэгийг татвараас хасуулах боломжтой.

Байгаль орчин хамгаалах, орчны бохирдлыг бууруулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, соёлын өвийг хамгаалах, нийтийн эзэмшлийн зам талбай байгуулах, гамшгийн хохирлыг бууруулах, биеийн тамир спорт, боловсрол, шинжлэх ухаан, төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагыг дэмжих зэрэг чиглэлд хэрэгжүүлсэн төсөл, санаачилгууд энэхүү хөнгөлөлтөд хамрагдаж болдог байна.

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийг иж бүрэн шинэчилж байна

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийг иж бүрэн шинэчилж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн