Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.
Хувьцаа өвлөх эрхийн зохицуулалт, буцаан эзэмших боломжийг нэг удаа сэргээн олгох эсэх, 2024 оноос хойш төрсөн 124 мянган иргэний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг тэрбээр танилцуулгадаа дурдлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 онд хуваарилсан ногдол ашиг олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх, мөн 2025 оны ногдол ашгийг улсын хэмжээний томоохон төсөл хөтөлбөрт, тухайлбал Дулааны цахилгаан станц барих төсөлд хөрөнгө оруулах чиглэлээр иргэдээс санал авах асуудлыг зохион байгуулах эсэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх асуудлаар холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтод даалгалаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт 12 тэрбум хувьцааны 8.8 тэрбум буюу 73.5 хувийг төрийн өмчийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК, долоон сая буюу 0.06 хувийг 488 үндэсний аж ахуйн нэгж, 3.2 тэрбум буюу 26.4 хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн тус тус эзэмшиж байна.