Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулж, үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төслийн хүрээнд нийслэлийн бохир усны төвлөрсөн сүлжээний насжилт өндөр, эвдрэл гэмтэл ихтэй хэсгүүдийг орчин үеийн “trenchless” буюу ухалтгүй технологиор сэргээн засварлах юм байна. Тодруулбал, нийт 39469 метр рт бохир усны шугамыг trenchless технологиор сэргээн засварлах бөгөөд энэ нь гудамж талбайг өргөн хэмжээгээр ухахгүйгээр шугамын дотор шинэ давхарга үүсгэн, бүтцийн бат бэхийг сайжруулах, ашиглалтын хугацааг уртасгах боломжийг олгох аж. Төслийн хүрээнд Баянзүрхэд 7909, Сүхбаатарт 9892, Чингэлтэйд 3561, Баянголд 8810, Сонгинохайрханд 6607, Хан-Уул дүүрэгт 2690 метр шугам доторлож, хэсэгчилсэн өргөтгөл хийхээр төлөвлөсөн байна. Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг Дэлхийн банкны Байгаль орчин, нийгмийн бодлогын хүрээлэн болон Байгаль орчин, нийгмийн стандартууд (ESS2–ESS10)-д нийцүүлэн хэрэгжүүлэх юм.
Энэ төслийг хэрэгжүүлснээр бохир ус хальж асгарах тохиолдол буурч, үерийн эрсдэл, хөрсний болон орчны бохирдол багасахаас гадна нийтийн эрүүл мэндийн нөхцөл сайжирч, хотын дэд бүтцийн тогтвортой байдал нэмэгдэнэ гэж үзжээ. Түүнчлэн иргэдийн амьдрах орчны чанар дээшилж, хотын өсөн нэмэгдэх бохир усны ачааллыг даах чадавх бүрдэхийн сацуу нийслэлийн тогтвортой хөгжлийн стратегид нийцсэн, хөрөнгө оруулалтын үр өгөөж өндөртэй, урт хугацаанд хотын амьдрах орчныг сайжруулах давуу талтай юм.