Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 27 //. “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг гуравдугаар сарын 1-нд Монголын Үндэсний музейд нээнэ.
Монгол Улсын Засгийн газрын 206 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд А.Амарын мэндэлсний 140 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд юм. Уг үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалж буй Ерөнхий сайд А. Амарын эд өлөг болон Архивын ерөнхий газар, ТЕГ-ын Тусгай архив, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Булган аймгийн музейд хадгалж буй архивын баримт бичиг, түүхэн гэрэл зураг, ном бүтээлийн дээжээс дэлгэн үзүүлнэ.
А.Амар 1886 онд одоогийн Булган аймгийн Бугат суманд Агданбуугийн хөвүүн болон мэндэлжээ. Тэрбээр 1924-1926 онд Аж ахуйн яамны сайд, 1926-1928 онд Дотоод яамны сайд бөгөөд Ерөнхий сайдын жинхэнэ орлогч Сайд, Эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгч, 1928-1930, 1936-1939 онуудад БНМАУ-ын Ерөнхий сайд, 1930-1932 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан XX зууны Монголын төр нийгэм, шинжлэх ухааны зүтгэлтэн юм.
Тус үзэсгэлэн гуравдугаар сарын 1-15-ныг хүртэл үргэлжлэх аж.