ХАНОЙ, 2026 оны аравдугаар сарын 19 /Reuters/. Норвег, Швейцар, Исланд, Лихтенштейн улсууд Вьетнамтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан тухай Норвег, Вьетнамын Засгийн газрууд ням гарагт мэдэгджээ.
Вьетнамын Худалдааны яамнаас мэдээлснээр, тус улс Европын чөлөөт худалдааны холбооны (ЕАСТ)гишүүн орнууд болох дээрх улсуудтай Ханой хотод уг хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Энэхүү хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Норвегоос Вьетнам руу экспортлох бараа бүтээгдэхүүний тал орчим хувийг гаалийн татвараас чөлөөлөх бөгөөд долоон жилийн дотор 98 гаруй хувь нь татваргүй болно гэж Норвегийн Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.
АНУ-ын тарифаас үүдэлтэй дэлхийн хэмжээний хурцадмал байдлын улмаас зогсоод байсан чөлөөт худалдааны хэлэлцээг талууд өнгөрсөн онд дахин эхлүүлж, энэ оны долоодугаар сард дуусгасан байна.
Вьетнамын Худалдааны яамнаас мэдээлснээр, Зүүн Өмнөд Азийн тус улс Европын чөлөөт худалдааны холбооны зах зээлд гол төлөв далайн гаралтай бүтээгдэхүүн, гутал, нэхмэл эдлэл, машин механизм, тоног төхөөрөмж, цахилгаан бараа экспортолдог бол тус холбооны гишүүн орнуудаас үйлдвэрлэлийн машин механизм, тоног төхөөрөмж, химийн бодис, эм бэлдмэл, үйлдвэрлэлийн түүхий эд импортолдог байна.
Вьетнам болон Европын чөлөөт худалдааны холбооны гишүүн орнуудын худалдааны эргэлт жилд дунджаар хоёр тэрбум ам.долларт хүрдэг гэж тус яам мэдээлжээ.
