Билл Гейтс өөрийн нэрэмжит сангийн ажилтнуудтайгаа уулзаж, хуралдах үеэрээ бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейнтэй холбоотой байсан талаараа дурдсан байна. Эл үеэр тэрбээр өөрийн үйлдэлдээ хариуцлага хүлээсэн гэж мэдэгджээ. Гейтс сангийн мэдэгдсэнээр, Билл Гейтс илэн далангүйгээр хэд хэдэн асуултад нарийвчилсан тайлбар өгсөн гэв. Мөн ажилтнуудаасаа уучлалт хүсч, хоёр орос эмэгтэйтэй харилцаа үүсгэж байснаа нуугаагүй болохыг “Wall Street Journal” сангийн хурал дээр байсан эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.
Тухайн хоёр эмэгтэйтэй харилцаа үүсгэсэн байсныг Эпштейн хожим мэдсэн бөгөөд Гейтс “Би хууль бус зүйл хийгээгүй, хууль бус зүйл хараагүй” гэж тайлбарласан аж.
АНУ-ын Хууль зүйн яамнаас Эпштейний нууц файлуудыг нэгдүгээр сард нийтэлсэн. Эдгээр файлд Эпштейн болон Гейтс нар ойр дотно харилцаатай, цагийг хамт өнгөрүүлдэг байсан баримтууд байсан. Улмаар 70 настай “Microsoft” компанийн хамтран үүсгэн байгуулагч Гейтсийг хүчирхийлэгч Эпштейний үйлдсэн гэмт хэрэгтэй холбоотой гэж олон нийт таамаглаж, буруутгах болсон. Гэвч одоог хүртэл хохирогч дундаас Гейтсийг буруутгасан мэдэгдэл гараагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэх тодорхой нотлох баримт байхгүй байна.
“Wall Street Journal”-ийн мэдээлснээр, Гейтс “Эпштейнтэй уулзаж байсан нь хамгийн том алдаа байсан” гэж удаа дараа мэдэгдсэн байна.
Мөн Эпштейнтэй хамт байхдаа хохирогч гэлтгүй ямар ч өөр эмэгтэйтэй уулзаж байгаагүй гэж онцолжээ. Гейтс “Миний хийсэн алдаанаас болж энэ асуудалд хүчээр холбогдох болсонд гүнээ уучлалт хүсч байна” гэж сангийн хурлын үеэр мөн хэлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн байна. Тэрбээр нууц файлд царайг нь нуусан эмэгтэйтэй зураг даруулсан байсан тухай тайлбарлахдаа Эпштейн нэгэн уулзалтын дараа туслахтай нь хамт зогсож зураг даруулахыг хүссэн гэжээ. Мөн хамгийн анх 2011 онд Эпштейнтэй танилцаж байсан гэдгээ сангийн ажилтнууддаа хэлсэн байна. Тухайн үед Гейтс түүний талаар нарийн судлаагүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Тус онд Эпштейн насанд хүрээгүй хүнийг биеэ үнэлэхийг уриалсан гэх хэргээ хүлээн зөвшөөрч, 18 сар зорчих эрхээ хязгаарлуулаад байсан юм. Гейтс зөвхөн Эпштейний зорчих эрхийг хориглосон байсан талаар гадарлаж байсан ч яагаад гэдгийг нь мэдээгүй байсан гэж тайлбарлажээ. Үүнээс гадна Гейтс 2014 оныг хүртэл Эпштейнтэй нөхөрлөж байсан ч хэзээ ч хувийн арал дээр нь хонож байгаагүй гэж тайлбарласан байна.