Монгол Улсын 2026 оны ургацын урьдчилсан тэнцэл эерэг гарч, 1.1 сая тонн ургац хураан авах тооцоо гарсан. Ингэснээр улаанбуудай, гурил, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 орчим хувийг хангах боломжтой болно.

Улсын хэмжээнд үр тарианы ургац хураалт 70 хувь, төмснийх 90 хувь, хүнсний ногооны 70 хувь, тэжээлийн таримлын 50 хувь, тосны ургамлын 30 орчим хувьтай явагдаж байна.

Сэлэнгийн тариаланчид Ерөнхий сайд Н.Учралтай уулзах үеэрээ энэ жил газар тариалангийн түүхэнд хамгийн өндөр ургац авч, 1988 оны амжилтыг давж байгааг дурдав.

Монгол Улсын гавьяат механикжуулагч Б.Ганболд төр, засгаас шатахуунаар хангаж байгаа болон 100 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлж буйг зөв бодлого хэмээн хэллээ.

Засгийн газраас тариалалт, уринш, ургац хураалтад хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн зээл олгож, үнийн өсөлтийг тогтворжуулахад анхаарч байна. Цаашид хүнсний улаанбуудай болон дотоодын ургацаас борлуулсан хүнсний ногоонд урамшуулал олгох, Атар-IV аяны хүүгийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх, тэжээлийн үр, тэсвэртэй сортын нөөц бүрдүүлэх, технологийн зөвлөгөөнд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.

Энэ онд 880 иргэн, аж ахуйн нэгжид 138.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг долоон банкаар дамжуулан олгосон байна.

Урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа (497.1 мянган тонн улаанбуудай), 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээл хураан авах төлөвтэй.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн