Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах Монголын анхны органик тэжээлийн үйлдвэр өдөрт 5 тонноос 50 тонн хүртэл үйлдвэрлэх бүрэн автоматжуулсан технологи нэвтрүүлжээ.
Ерөнхий сайд Н.Учрал тус суманд ажиллах үеэрээ үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна. Засгийн газрын ХМОНХГ энэ тухай мэдээлэв.
“Мимо” гэдэг нь “миний монгол” гэсэн үгийн товчлол. Нэг төгрөгийн тэжээл 3-5 төгрөг болж өсөх боломжтой гэж тооцоолж байгаа бөгөөд үйлдвэр өөрийн тэжээлээр хооллосон малыг өндөр үнээр худалдан авч малчдын орлогыг нэмэгдүүлэх, зах зээлд чанартай мах нийлүүлэхийг зорьж байна.
“Эйл Би Эйч Агро” ХХК 2016 оноос 3500 га талбайд сэлгэн тариалж ирсэн. Энэ жил 1200 орчим га-д улаан буудай, тэжээлийн ургамал, чихрийн манжин тариалсан. 2022 онд малын эрдэс тэжээлийн үйлдвэр байгуулж 100 хувь байгалийн гаралтай Мимо бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасан. Өнгөрсөн жил хүчит тэжээлийн бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтад оруулсан. ISO9001:2015 болон ISO22000:2018 стандартыг мөрдөж эрдэс, багсармал, хорголжин тэжээл, долооц зэрэг найман нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Эдгээр тэжээлийг ашигласнаар малын зүй бус хорогдол 90 хүртэл хувиар буурч, ноолуурын гарц 60, сүүний 40, махны 200-300 хувиар нэмэгдэх, халдварт бус өвчнөөс сэргийлэх боломжтой гэж компанийн удирдлага Ерөнхий сайдад танилцуулжээ.
