Монголбанк Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурлыг 2026 оны аравдугаар сарын 9-нд зохион байгууллаа. Хуралд Монголын банкны холбоо, банк, финтек, санхүүгийн удирдлага, төрийн захиргааны байгууллага, олон улсын төлбөрийн картын үйлчилгээ үзүүлэгч зэрэг 40 гаруй байгууллагын төлөөлөл оролцжээ.

Хурлаар төлбөрийн систем, технологийн чиглэлээр баримтлах Монголбанкны дунд хугацааны стратеги, олон улсын төлбөр тооцооны mBridge төсөл, төлбөрийн системд хийсэн хяналт шалгалтын дүн, холбогдох журам, дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Монголбанкны зөвшөөрлийн цахим системийг танилцуулсан.

Төлбөрийн системийн хөгжил, олон улсын туршлага, шинэ технологи, инновацын шийдлийн талаар мэдээлэл солилцов. UPI-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар олон улсын туршлага, сайн жишгийг танилцуулсан. ХААН банк болон «Нэйшнл Онлайн Дижитал Экосистем» ХХК цахим залилангаас урьдчилан сэргийлэх технологи, хиймэл оюуны боломжийг танилцуулжээ. Эдгээр танилцуулгаар шинээр нэвтрүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээ, цаашдын чиг хандлагыг ярьсан.

Төлбөрийн системийн цаашдын хөгжил, тулгамдсан асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дугуй ширээний хэлэлцүүлэг өрнүүлэв. Оролцогчдын асуултад хариулж, санал, байр суурийг сонссон.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн