УИХ аравдугаар сарын 8-ны чуулганы хуралдаанаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Төслийг гишүүн Б.Пүрэвдорж 2026 оны 7 дугаар сарын 2-нд өргөн мэдүүлсэн.
С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, С.Зулпхар, С.Ганбаатар, Д.Ганмаа, С.Одонтуяа нар асуулт тавьсан. С.Эрдэнэболд хуулийн 12.3-т 2020 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө цагаатгагдсан хүний нөхөн олговор нэхэмжлэх эрхэд хугацааны хаалт тавьсныг төсөлд хүчингүй болгохыг дэмжсэн. Харин зардлын тайланд туссан 1 тэрбум 788 сая төгрөгийн хамрах хүрээ, нэрсийн давхардал, олговрын төрөл бүрийн шалгуур, нотолгоо хангалтгүй тул санхүүгийн тооцоог дахин хийх шаардлагатай гэжээ.
Б.Пүрэвдорж нэхэмжлэх эрх нээгдвэл 43 гомдол хүлээн авах боломжтой болж, эдгээр хүнд нийт 1 тэрбум 788 сая төгрөг гарна гэсэн. Энэ мөнгийг ирэх жилийн төсөвт тусгахаар ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжид 1.0 тэрбум төгрөг суулгаж, шүүхээр цагаатгагдсан иргэдийн ар гэрийн асуудлыг шийднэ гэж хариулсан.
Х.Баасанжаргал соёл, шашны салбарт улс төрийн хилс хэрэг их хохирол учруулж, олон сүм хийд, эртний өв үгүй болсныг онцолж, хохирлыг дахин судлах цаг болсон гэсэн. Мөн шашин, сүм хийд, лам нарыг үзэн ядах үзэлтэй урлагийн бүтээлийг засах, ажлын цар хүрээг өргөтгөхийг санал болгосон. Б.Пүрэвдорж саналыг дэмжээд, төсөл батлагдсаны дараа ор сураггүй алга болсон 770 хүнийг цагаатгах төслийг боловсруулж, хаврын чуулганаар өргөн мэдүүлнэ гэсэн. Тэрбээр коммунизмын үзэлтэй, ялангуяа лам нарын эсрэг сурталтай киног өнөөг хүртэл баатарлаг үйл мэт үзүүлж байгааг буруу гээд, ийм хэсгийг хасах, засах шаардлагыг Соёлын яаманд тавина гэжээ.
П.Сайнзориг хэлмэгдэгсдийн баримтын нэгдсэн сан байгуулж, сонирхсон хэнд нээлттэй байлгахыг зүйтэй гэсэн. Б.Пүрэвдорж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын зардлыг 300 орчим сая төгрөгөөр нэмэгдүүлж, Тагнуулын ерөнхий газрын архивын баримтыг цахимжуулах, иргэд гомдол, нэхэмжлэлээ татаж үзэхээр төлөвлөсөн ч ажил эхлээгүй тул мөнгийг буцаан татсан гэсэн. Сангийн яам баталсан дүнгээр буцааж 2027 оны төсөвт тусгасан тул цахимжуулалтыг хийнэ. Цагдаагийн байгууллагын архивыг цахимжуулахаар төлөвлөсөн.
Зарчмын зөрүүтэй гурван саналаар санал хураагаад, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Есдүгээр сарын 10-нд хэлмэгдэгсдийн дурсгалд цэцэг өргөсөн.
