Азербайжаны нийслэл Баку хотод үргэлжилж буй насанд хүрэгчдийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын медальтнууд тодорлоо. Монголын үндэсний шигшээ багийн дөрвөн жүдоч дэвжээнд гарсан. Гавьяат тамирчин Ё.Басхүү, Б.Уранзаяа нар хүрлийн төлөөх барилдаанд ялагдаж, тавдугаар байрт үлдсэн.

52 кг-ын жинд “Гүрү” дэвжээний тамирчин М.Нандин-Эрдэнэ “D” хэсэгт эхний тойргийг чөлөөтэй өнгөрөөж, БНСУ-ын Хван Сүрёныг ялсан. Шөвгийн 16-д Германы Маша Баллхаустад ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв.

“Мон-Алтиус Цагаанбаатар” академи, үндэсний шигшээ багийн Б.Уранзаяа “B” хэсэгт Канадын Эвелян Беатон, Унгарын Папп Рика нарыг ялав. Шөвгийн наймд Испанийн Ариане Торо Солерт ялагдсан. Дагах барилдаанд эзэн орны Гултаж Маммадалиеваг ялсан ч хүрлийн төлөө Испанийн Аюуми Лейва Санчезад ялагдаж, тавдугаар байрт шалгарав.

66 кг-д “A” хэсгийн Ө.Бямбасүрэн Хятадын Тайванийн Лин Чон Юуг ялж, шөвгийн 16-д өнгөрсөн жилийн дэлхийн аварга Японы Такеока Такешид ялагдлаа.

“Хилчин” спорт хорооны гавьяат тамирчин Ё.Басхүү “D” хэсэгт эхний тойргийг чөлөөтэй өнгөрөөж, Унгарын Бенсе Понграц, шөвгийн 16-д Оросын Рамазан Абдулаев нарыг ялав. Хэсгийн аваргын төлөө Испанийн Давид Гарсиа Торнед ялагдсан. Дагах барилдаанд Тажикстаны Нурали Эмомалиг ялсан ч хүрлийн төлөө Такеока Такешид хоёр вазаригаар ялагдаж, тавдугаар байрт үлдлээ. Түүний хувьд дэлхийн аваргын медалийн төлөө дөрөв дэх удаагаа барилдсан нь энэ.

Дараагийн өдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын барилдаан болно. Монголоос О.Уранбаяр, Т.Ариунзаяа, Л.Сосорбарам нар зодоглоно.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн