Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр есдүгээр сарын 30-нд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотын эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа.
Астана хотод эдийн засгийн тусгай хоёр бүс байдаг. Үйлдвэрлэл эрхлэхэд 25 хүртэлх жилийн хугацаанд газрын татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар, газар ашиглалтын төлбөр 0 хувь байдаг. Тусгай бүсэд импортолсон түүхий эд, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлдөг байна.
Эдийн засгийн тусгай бүсэд металл бус эрдэс бүтээгдэхүүн, машин механизм, тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хүнс, хуванцар бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн, төмөр замын зүтгүүр, нисэх онгоц, сансрын хөлөг зэрэг 20 орчим чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг.
Н.Номтойбаяр Монгол Улсын Засгийн газар Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслийг боловсруулж, энэ намрын чуулганаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж буйг онцоллоо. Хууль хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй бөгөөд хөрөнгө оруулагчдад газар, татварын таатай нөхцөл бүрдүүлж, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон хүнс, хөдөө аж ахуйн экспортыг дэмжинэ гэж тэрбээр тодотгов.
“Астана-Шинэ хот” бүс хөрөнгө оруулалт татах, орчин үеийн технологи нэвтрүүлэх, өндөр үр ашигтай, өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийг хөгжүүлж байна. “Астана-Технополис” эдийн засгийн тусгай бүс нь шинжлэх ухаан, судалгааны чадавхад түшиглэн инновац, өндөр технологи, боловсруулах үйлдвэрлэл, судалгаа-хөгжүүлэлтийн төсөл хэрэгжүүлдэг.
Шадар сайд Астанагийн аж үйлдвэрийн паркад ажиллаж буй “Астана ETKOM” мах боловсруулах үйлдвэр, мөн төмөр замын зүтгүүр, эд анги, дохиолол, автоматжуулалт, дижитал шийдэл, засвар үйлчилгээ эрхэлдэг Wabtec корпорацийн Казахстан дахь салбарт ажиллав.
Мах боловсруулах үйлдвэр өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад орсон бөгөөд түүхий эд хүлээн авахаас эцсийн бүтээгдэхүүн хүртэлх дамжлага бүрэн автоматжсан байна. Н.Номтойбаяр эдийн засгийн тусгай бүсэд дотоодын хүнс үйлдвэрлэгчдийг дэмжиж, бүс нутгийн томоохон зах зээлд нийлүүлэлт хийхэд гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана гэв.
Астана дахь Wabtec корпораци бүтээгдэхүүнээ Төв Азийн улс орнуудад экспортолдог бөгөөд 2025 онд нийт 4.2 тэрбум ам.долларын үнийн дүнтэй зүтгүүр нийлүүлэлт, техникийн үйлчилгээний гэрээ байгуулжээ. Тус компани болон Казахстаны “Локомотив құрастыру зауыты” үйлдвэрээс Монгол Улс 2023 онд дөрвөн зүтгүүр худалдан авсан бөгөөд төмөр замын 57 нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байна. Баруун босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтад барилга угсралт, дохиоллын системийн компаниудтай хамтран оролцох боломжийн талаар талууд санал солилцлоо.
