Санхүүгийн зохицуулах хороо уул уурхайн бүтээгдэхүүний арилжаатай холбоотой гурван журамд орсон нэмэлт, өөрчлөлтийг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрлөө.
Хороо Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.2.10 болон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг үндэслэн 2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 397 дугаар тогтоол гаргасан. Ингэснээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн 2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 40, 41, 42 дугаар тогтоолоор баталсан журмын өөрчлөлтийг хэрэгжүүлэх боломжтой болжээ.
Нэмэлт, өөрчлөлт дараах журамд орсон байна:
- “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам”
- “Нүүрсний спот, форвард гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам”
- “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцооны журам”
Онцлох зохицуулалтаар, талууд биелэгдсэн хэлцлийн үндсэн дээр арилжааны гэрээг бичгээр байгуулж, баталгаажуулсны дараа худалдагч гэрээг дэнчин хүлээн авах нэхэмжлэхийн хамт биржид цахимаар ирүүлбэл тухайн арилжааны дэнчингийн 90 хувийг авах боломжтой болно.
Нүүрсний индексэд суурилсан үнэтэй форвард гэрээ 60 хүртэл сарын хугацаатай байна. Мөн худалдагч Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын төрөл, ангилал, чанарын үзүүлэлтэд нийцсэн бүтээгдэхүүнийг хоёр буюу түүнээс дээш ангиллаар багцлан нэг удаагийн арилжаагаар худалдах захиалга ирүүлж болохоор болжээ.
