Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан аравдугаар сарын 1-нд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод боллоо. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд, комиссын Монголын хэсгийн дарга Н.Номтойбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн сайд, комиссын Казахстаны хэсгийн дарга А.Сапаров нар даргалав.
Түүх, өв соёл, уламжлалаар холбоотой, стратегийн түншлэлтэй хоёр орны хувьд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг талууд тэмдэглээд, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх санал, санаачилгыг дэмжин ажиллахаар тохиролцлоо. Талууд «Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025–2027 онд эрчимжүүлэх замын зураглал»-ын дагуу худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Түүнчлэн эрх бүхий байгууллагууд эдийн засгийн тусгай бүсийн чиглэлээр хамтран ажиллах боломж, механизм болон хамтарсан төслийн эрэлт, хэрэгцээг судалж тодорхойлохоор тогтов.
Хуралдаанаар тээвэр, логистик, геологи, уул уурхай, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлал, эрүүл мэнд, мэдээллийн технологи, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтарсан протокол байгуулав.
Шадар сайд Н.Номтойбаяр хуралдаан худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг ирэх онуудад өргөжүүлэхэд түлхэц болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев нарын айлчлалаар тохирсон асуудлыг ажил хэрэг болгоход хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Тэрбээр экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг шинэ зах зээлд нэмэгдүүлэхэд Төв Азийн орнуудтай, тэр дундаа Казахстантай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.
Энэ хүрээнд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр чухал үүрэгтэйг дурдаж, эрүүл ахуй, худалдаа, техник болон гаалийн саад тотгорыг арилгах, харилцан уялдуулах, транзит тээврийн нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатайг хэлэв. Хоёр орны төрийн тэргүүн нарын түвшинд тохирсон тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдол өгч буйг тодотгож, шинэ маршрут нээх, одоогийн тээврийн холболтыг сайжруулах, экспорт, импортын урсгалыг нэмэгдүүлэх нь үр өгөөжтэйг тэмдэглэв. Мөн ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр тохирсон зүйлийг бодит ажил болгохын төлөө буйгаа илэрхийлэв.
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг оролцуулсан хамтарсан сургалт, тэр дундаа өндөр уулнаас аврах дадлага, сургуулилалт зохион байгуулах, стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээний салбарт хамтран ажиллахаар хоёр орны холбогдох байгууллагууд санамж бичиг байгуулсныг тэрбээр онцоллоо.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин хоёр улсын мэдээллийн технологи, цахим засаглал, сансрын технологи, харилцаа холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын сүлжээний гарц, харилцаа холбооны дэд бүтцийн чиглэл, маршрутыг газарзүйн байршлыг харгалзан хамтран судлах саналаа илэрхийлэв.
Казахстаны хөдөө аж ахуйн сайд А.Сапаров хоёр улсын ерөнхийлөгч нарын айлчлалаар тохирсон асуудлыг хэрэгжүүлэхэд хамтарсан төсөл, хөтөлбөр чухал болохыг онцоллоо. Худалдааны эргэлт нэмэгдэж буй ч тээвэр, логистикийн шинэ дөт зам нээж, худалдаа, эдийн засгийн салбарыг өргөжүүлэх шаардлагатайг тэрбээр тодотгов. Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээрт нэгдсэнээр бизнесийн шинэ боломж нээгдэж, хими, эмийн бүтээгдэхүүн, барилга, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэх боломжтойг тэмдэглэв.
Талууд хуралдаан хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, төрийн тэргүүн нарын айлчлалын тохиролцоог хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэж, протоколд тусгасан арга хэмжээг ажил хэрэг болгоход нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
