УИХ-ын дарга С.Бямбацогт есдүгээр сарын 24-нд парламентын албан ёсны цахим платформыг шинэчлэх ажлын явцтай танилцаж, мэдээллийг иргэн бүрд нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй хүргэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Тэрбээр иргэдийн мэдээлэл авах үндсэн эрхийг хангаж, төрийн байгууллагын нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх нь ардчилсан засаглалын чухал зарчим гэдгийг онцолсон байна. УИХ-ын үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн хүрээнд нийтэд нээлттэй мэдээллийг нэгдсэн стандарттай, хэрэглэгч төвтэй хэлбэрээр хүргэх шаардлагатай гэж мэдэгджээ.
Нэг цэгийн мэдээллийн сан бүрдүүлнэ
Шинэ платформд хууль тогтоох үйл явцын үе шат, УИХ-ын гишүүдийн ирц, санал хураалтын дүн, Байнгын хороо болон ажлын хэсгийн үйл ажиллагаа, хуулийн төслүүдийн мэдээллийг нэгтгэхээр төлөвлөсөн байна.
Мөн иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг шийдвэрлэх болон оролцоог дэмжих цахим механизмуудыг нэг дор байршуулна. Ингэснээр парламентын үйл ажиллагааг олон нийт хянах, шаардлагатай мэдээллээ шуурхай авах боломж нэмэгдэнэ гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
С.Бямбацогт платформыг орчин үеийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын шаардлага болон хэрэглэгчийн туршлагын олон улсын стандартад нийцүүлэхийг чиглэл болгожээ. Түүний хэлснээр, шинэчлэл нь парламентын талаарх мэдээллийг бодит цагийн горимоор хүргэхээс гадна төрийн цахим шилжилт, институцийн нээлттэй байдлыг дэмжих ач холбогдолтой байна.
